Арчын Торбоковын тэмдэглэл буюу Оросын Алтайн Ойрад-монголчуудыг яагаад Ойрод-алтайчууд гэх болов?
Их Алтайн уугууд оршин суугчид хэн бэ гэж өөрсдөөсөө асууя. Хэрэв алтайчууд уугуул оршин суугчид нь мөн юм бол тэд дөрвөн улсын хязгаарт хуваагдсан энэ нутгийн эзэн гэж тооцогдох ёстой. Гэтэл Монгол, Хятад, Казахстанд тэр алтайчууд нь байна уу? Тэнд Алтайчууд гэж байхгүй, харин ойрадууд гэж бий.
Түүхийн хуудсын сөхөж харья:
1922 оны 6 сарын 1-нд одоогийн Алтайн БНУ-ын нутаг дэвсгэр дээр Улала нийслэлтэй Ойрадын автономит муж байгуулагдсан байна. 2012 онд автономит мужийн 90 жилийн ойг тэмдэглэх үеэр энэхүү автономит муж нь тухайн үедээ ойродын биш ойрадын гэж нэрлэгдэж байсан тухай нэг удаа ч дурссангүй. Бүгд л энэ фактыг чимээгүйхэн тойрч өнгөрөхийг хичээж байлаа.
1932 оны 3 сарын 2-нд уг мужийг Ойродын автономит муж гэж өөрчлөн нэрлэсэн байна. Ойрадыг Ойрод болгож өөрчилсэн хэрэг. Ганц үсгийн төдий шалихгүй өөрчлөлт. Гэвч энд уугуул ард түмнийг өнгөрсөнөөс нь салгах гэсэг далд санаа явж байлаа.
1948 оны 1 сарын 7-нд түүхч Л.Потапов болон орон нутаг дахь түүний хамсаатануудын зүтгэлээр Горно-Алтайн автономит муж болж өөрчлөгдсөн бөгөөд Ойрод-Тура хотыг Горно-Алтайск гэж өөрчлөн нэрлэсэн байна. Хүний анхаарал татах гойд юмгүй газар орны нэр засаг захиргааны нэр томьёо болж хувирав.
Ийнхүү үр сад нь Рейхастагийн ханан дээр би ойрод (я-ойрод) хэмээн омог дүүрэн бичиж байсан ард түмэн нэг л мөчид уугуул нэрээ алдсан байна. Алтайц гэдэг үгэнд муу юм байхгүй л дээ. Алтайц гэдэг бол алтайн оршин суугч гэсэн үг, бүх юм зөв, бүх юм логикийн дагуу. Гэхдээ энд миний санааг олон жил амраахгүй байгаа нэг «но» байдаг юм. Юу вэ гэхээр манай БНУ-д амьдардаг хэн ч байсан өөрийгөө алтайц гэж нэрлэж болно. Өөрөөр яаж нэрлэх юм бэ. Гэтэл зэргэлдээх Алтайн хязгаарт спортын нэвтрүүлгийн тайлбарлагч: өчигдөр алтайчууд кемеровчуудыг 2:0-иор хожлоо гээд л тайлбарлаж байдаг.
Тэгэхээр яаж “жинхэнэ алтайчуудыг” бусад алтайчуудаас ялгах юм болж байна аа?
66 жилийн өмнө болсон үйл явдалыг эргэн саная:
Автономийн нэрийг танихийн аргагүй болтол нь өөрчлөөд манай түүхтэй биднийг холбож байсан юм бүхнийг устгахаар улайран дайрчээ. Энэ үед “Кызыл Ойрот”(Улаан ойрод) нэртэй байсан мужийн сонинийг “Алтайдын Чолмон” (Алтайн Цолмон) болгож өөрчилсөн байна. Хамтрал, үйлдвэр албан байгууллагуудын нэрнээс ойрод гэдэг үгийг хуу авч хаяжээ. Ойрод гэдэг үгийг хуучирсан үгийн ангилалд оруулсан байна.
Алтай гэдэг газар зүйн нэр зэргэлдээх Алтайн хязгаар төдийгүй Хакаст түгээмэл хэрэглэгддэг. Тус БНУ-ын 8 районы 1 нь Алтайн район буюу хакасаар Алтай аймагы гэж нэрлэгддэг. Тэгэхээр эндэхийн оршин суугчид бас алтайчууд болж таарах уу?
Хакас хэлэнд качин, сагай, кызыл, шор гэсэн 4 үндсэн аялга байдаг. Качинчууд нь Ойрадын хаант улс унасаны дараа Хакаст ирсэн дөрвөд-ойрадуудын үр сад бөгөөд хакасын зүүн хэсэгт, тэр дундаа Алтай аймагт амьдардаг. Хакасуудын дунд хыргас-ойрод, хасха-ойрод болон бусад сөёкүүд(овог ястанууд) байдаг. Алтайчууд ба хакасуудын овог нэрэнд ч Адыкаев ба Түкпеев, Боргояков ба Кайдарков гэхчлэн ижил төстэй юмнууд их бий. [Бутанаев В. Я. Хакасын ястан ба овгийн үүсэл. Абакан. 1994].
Алтайчуудын ой тойнд одоогийн Казахстан улсын Зүүн Казахстан мужын нутагт өвөг дээдэс нь нутагладаг байсан цаг үеийн тухай дурсамж үлдсэн байдаг. Газар орны нэрүүд ч энэ нутгийн жинхэнэ эзэд нь хэн болохыг тодорхой хэлээд өгнө. Жишээлбэл эндэхийн хамгийн том нуур нь Зайсан нуур гэдэг нэртэй. Гэтэл өнөөдөр зэргэлдээх улсад бүх томхон газар орны нэрийг хасаг болгон өөрчилж байна.Семиплатинск гэхэд л Семей болсон. Ийм үг хасаг хэлэнд байхгүй л дээ, гэхдээ л хасаг нэр шиг л сонсогдож байгаа биз дээ.
Семиплатинск гэдэг нэрийг оросууд зүгээр ч өгчихөөгүй, тэнд долоон сүмээс бүрдсэн цогцолбор байсан гэдэг. 1734 онд түүхч Г.Миллер энэ цогцолборыг олж илрүүлсэн. “Семь-Палат” гэгдэх байгууламж Эрчис мөрний зүүн эрэгт орших бөгөөд халимагууд түүнийг Дархан Доржийн хийд гэнэ. Дархан Дорж гэдэг тахилч энэ цогцолборыг барьж нэг хэсэг дотор нь өөрөө амьдардаг байсан юм байх” гэж бичиж үлдээсэн байдаг. Энэ мужид одоо Урианхай гэдэг суурин байх бөгөөд өмнөд сибирийн “ойн” овогуудыг урьд урианхай гэдэг байсан.
Бүр 16-р зуунд ойрадуудын зарим нь Их Алтайгаасаас баруун тийш шинэ газар хайж явсаар ижил мөрний сав нутагт шилжин сууж улмаар Хальмгийн хаант улсаа байгуулсан байдаг. Хальмаг гэдэг нь түрэг хэлний “үлдэгдэл” гэдэг үг гэх бөгөөд өөр нэг утга нь “мусульман бус” болно.
17 зуунд Төв Азид хүчирхэг Ойрадын Хаант улс байгуулагдав. Хасгууд удаан хугацаанд энэ улсын вассал байсан юм. Сүүлийн үед Казахстаны ерөнхийлэгчийн ивээлээр Абылайн тэргүүлсэн хасгийн баатрууд ойрдуудыг хэрхэн толгой дараалан “бут цохиж” байсан тухай өгүүлсэн “Нүүдэлчин” гэх маягийн кинонууд гарах болов. Гэвч иймэрхүү “кинонуудад” Амарсанаагийн удирдсан ойрадууд хасгуудтай хамт Чин гүрний эсрэг тулалдаж явсан тухай яагаад ч юм огт дурдахгүй өнгөрөхийг хичээх юм. Хасгийн султан Абылай Ойрадын Хаант улсын тэргүүн Галданцэрэний өргөмөл хүү байсан бөгөөд бага насаа ойрадын ноёдын хүрээнд өнгөрөөсөн байдаг.
Яваандаа Абылай Ойрадуудаас хөндийрч, Чин гүрний талд орсон юм. Ойрадын хаант улс унасаны дараа хүн амын ихэнх нь хядагдаж, ихээхэн тооны ойрадуудыг хасгууд олзлон авч явсан байдаг. Зүүн Казахстан мужийн хасгуудын дотор толенгүт гэж овог байх бөгөөд тэд Казахстаны өөр хаана ч байдаггүй юм. Толенгүтүүд нь олзонд явсан теленгүүдүүдийн үр сад, өөрөөр хэлбэл Кош-Агач, Улаган районуудад амьдардаг алтайчуудын садан төрөл бололтой.
Теленгид буюу теленгүүт гэдэг нь теле гэдэг үгнээс гаралтай. Монголчууд –нг дагавар , оросууд –ут дагавар залгаж теленгут болгосон байна. Телеуты гэдэг үг ч эндээс үүсэлтэй. Теленгидүүд нь нэр нь орос ба монгол маягаар өөрчлөгдсөн нэг ард түмэн юм. Телеутууд нь өөрсдийгөө теленгит гэж нэрлэдэг гэж Радлов бичсэн байдаг.
Улаган болон Кош Агачын зэргэлдээх районуудад амьдардаг тувачуудын дунд Уулын Алтайгаас гаралтай телек овгийнхон давамгайлдаг.
Умард алтайчууд нь хөрш тува болон хакасуудын хэлний онцлогийг шингээсэн тул илт ялгагддаг аялгатай. Жишээлбэл тувачуудын хуучин нэрийг туба гэдэг байсан бөгөөд бүр хуучны оросын бичиг баримтад туба гэж дурьдсан байдаг. Яваандаа тува гэх болсон бөгөөд одоо тыва гэдэг болсон. Манай Маймин, Чой, Турочакийн районы тубаларууд харин энэ нэрээ хэвээр нь хадгалан үлдсэн байна.
Ер ингэхэд алтайчууд өөрсдийгөө ойрдууд гэж үздэг байсан юм болов уу? Яагаад чухам ойрад гэдэг нэртэй улсыг 20-р дугаар зууны эхээр сэргээн байгуулахыг оролдож байсан юм бол гэдгийг тодруулахын тулд түүхийн хуудсыг сөхөж үзье.
Томскийн профессор В.Сапожников 18 дугаар зууны дундуур “Оросын Алтайгаар” хэмээх бүтээлдээ алтайчуудын нууцлаг толгойлогчийн талаар дурьдсан байдаг. Энэ бүтээлд “Кан- Караколийн газрыг Алтайн Ерөнхий захирагч болох Зайсан-Омбын нутаг гэж нэрлэдэг байсан” гэжээ. Оросын хилийн эрх баригчид түүнийг таван дөчиний захирагч болохыг сайн мэддэг, тийм ч учраас түүнтэй ажил хэрэг явуулдаг байж. Түүний нэр В.Радловын алтайчуудаас авсан нэрсийн жагсаалтад байгаагүйг тухайн үеийн нийгмийн уламжлал, ёс заншилтай холбон тайлбарлаж болох юм. Өөрөөр хэлбэл нэр хүндтэй захирагч ноёд болон тэдгээрийн нэр усанд онцгой ханддаг байсан байна. Захирагч нарын нэрийг хэлэхээс зайлсхийнэ. Энгийн ардууд барагтай бол мэдэхгүй бөгөөд эзний тухай өөр үгээр төлөөлүүлэн ярих ёстой. Омбо гэдэг бол хамгаалагч гэсэн утгатай төвд үг бололтой. Оросын түшмэдүүд үүнийг захирагчийн өөрийнх нь нэр гэж ойлгоод заримдаа илтгэл, тайландаа “Омбо” гэж өөрийнх нь нэр маягаар буруу хэрэглэдэг байжээ.
Г.Потаниний 1745 оны түүхэн тэмдэглэлүүд нь овгуудийн сурвалжит ноёд болох зайсангууд хэдэн жилийн турш Алтайд биш Зүүнгарын хааны хүрээнд байсан болохыг нотлодог. Тэрчлэн оросууд Омбын харьяатуудын үйлдсэн халдлагатай холбоотой бүх гомдолыг Зүүнгарын хаан Галданцэрэнд тавьдаг байсан нь сонирхол татдаг.
Омбын өндөр эрх мэдэл,байр суурийг А.Волковын 1748 онд үйлдсэн тайлан бас харуулдаг юм. Тэрээр энэхүү тайландаа “Алтайн зайсанууд оросуудад биш зөвхөн Галданцэрэнд захирагддаг” тухай ерөнхий зайсаны захиаг дурьдсан байдаг.
Омбо маш том улс төрийн жин, нөлөөтэй байсан бөгөөд эрх мэдэл нь Уулын Алтай төдийгүй, ойр орчмын нутаг дэвсгэрийг хамарч байлаа. Амарсанаа Даваачийн эсрэг тэмцэлдээ түүний дэмжлэгийг авна гэж найдаж байсан нь тохиолдолын хэрэг биш юм. Хожим тэрээр Чин гүрний эсрэг тэмцэл хийхдээ алтайн зайснуудаар дамжуулан халхын Чингүүнжав ноёнтой холбоо барьж байв.
Судлаач Г.Потанин “Оросын түүхийн материалууд” бүтээлдээ 18 зууны эхний оросын газрын зургуудад Уулын Алтайн (Горный Алтай) нутаг дэвсгэрийг “Галданцэрэнгийн нутаг” гэж тодорхойлсон байдаг тухай тэмдэглэсэн байдаг. Энэ бол санамсаргүй хэрэг биш юм. 20 дугаар зууны эхээр Алтайчуудын дунд их яригддаг байсан Ойрод хан буцаж ирэх тухай домгийн баатар нь Галданцэрэн гэдэг бодит хүн билээ. Түүний дүүг Лувсан Шоно гэдэг байсан бөгөөд алтайчуудын аман зохиолд домогт Шуну баатар хэмээн орсон юм. Ойрад-Алтайчуудын том байсан цаг үе нь Ойрдын ( Зүүнгарын хаант улс)хаант улстай холбоотой байсан бололтой. Тийм ч учраас манай ард түмний үлгэр домог, туулийн ертөнцөд энэ бүхэн хадгалагдан үлдсэн байна.
Ойрадын хаант улс унасаны дараа алтайчууд оросын эзэнт улсын бүрэлдхүүнд орсон бөгөөд хатан хаанд бичсэн оросын эзэнт гүрэнд дагаар орох тухай бүх өргөдөл,хүсэлт нь ойрдын тод бичгээр бичигдсэн байдаг. Гэвч уг бичгийг буддийн лам Заяа Бандид зохиосон болоод ч тэр үү алтайд үнэн алдартны шажин дэлгэрүүлэх арга хэмжээний (Алтайская православная миссия) үеээр энэ тухай дурьдалгүй өнгөрсөн байна.
Түүнээс хойш 100 жил өнгөрч, оросын эзэнт улс сүйрсэний дараа оросын сибирийн салан тусгаарлах үзэлтнүүд(сибирские областники)1 алтайчуудыг Их Ойрдын сэргэн мандалтын суурь дэвсгэр болно гэж үзэж байв.
1918 оны 3 сарын 7-нд Уулын Думын (Горная Дума) хуралдаан болж, илтгэгч В.Анучкин “хуучин Ойрд улсын бүрэлдхүүнд орж байсан оросын алтай(одоогийн Зүүн Казахстан муж, Алтайн хязгаар, Алтай БНУ), минусинскийн нутаг (Хакас, Уулын Шор), урианхай (Тува), монгол алтай ба зүүнгар(одоогийн БНХАУ-ын Шинжан Уйгарын Автономит Муж) зэрэг газар нутгийг бие даасан БНУ болгон нэгтгэх шаардлагатайг” цохон тэмдэглэсэн байна. Энэ үед Г.И. Гуркин2 бүр үнэнээсээ 2 давхар овог хэрэглэж эхлэв. Бүр “ Чорос Гуркин” гэж гарын үсэг зурдаг болов. Чорос овгийнхон Ойрдын хаант улсын эрх баригч овог байсан юм. Гуркин болон сибирийн салан тусгаарлагчид шинэ БНУ ямар нэртэй болохыг, улсын тэргүүнээр хэнийг тавихаа тооцоолж байлаа.
Үйл явдалын цаашдын өрнөл үндэсний автономиуд нэгдэж, шинэ улс байгуулагдахад хүргэхгүйн тулд Л.Потапов зэрэг эрдэмтэд түүхэн үйл явцыг өөрөөр тайлбарлаж эхлэсэн байна. Биднийг ойрдуудтай холбосон юм бүхнийг салан тусгаарлах үзэл гэж тооцдог болсон…
Гэвч цаг хугацаа байран дээрээ зогсдоггүй юм байна. Ойрдын Хаант улсын үед бий болсон Зайсаны тогтолцоог Алтайн БНУ-д сэргээсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Хэдийгээр шүүмжлэлд их өртсөн ч гэсэн зайсан цолыг сэргээв. Алтайчуудын бүх томоохон овогууд зайсангаа сонгов. Тэдэнтэй БНУ-н ерөнхийлэгч уулзаж, бүс нутгийн амьдралын чухал асуулуудыг хэлэлцэж байна.
Бидний эргэн тойронд ойрдууд гол тоглогчид нь болсон үйл явдалууд өрнөсөөр. Хөрш Монгол улсад л гэхэд ойрад гаралтай Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдоод ажилллаж байна. Хүчирхэг байлдан дагуулагчдын үр сад энэ удаад төрийн тэргүүнээрээ ойрад овгийн хүнийг сонгожээ. Улсын аюлгүй байдал, батлаг хамгаалахтай холбоотой чухал албан тушаалуудад ч ойрадууд ажиллаж байна. Монголын ард түмэн тэдэнд итгэж байна гэсэн үг.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс болон БНХАУ-ын нийслэлд хэд хэдэн удаа ойрдуудын фестиваль болсон байна. 2012 онд Бээжинд болсон фестивальд анх удаа манай БНУ-ын төлөөлөгчид оролцов. Албан ёсны биш боловч манай БНУ –ын шинжлэх ухаан, бизнесийн хүрээлэлийн төлөөлөл болох Мэргэн Клешев, Тандак Тысов нар оролцож ихээхэн хүндлэл хүлээж байв. Эдгээр фестивалийн үеээр ойрад түмний наадмыг олон ард түмний уугуул нутаг болох Алтайд тэмдэглэх тухай яригдаж ирэв. Ийм арга хэмжээ нь нэгэн цагт Ойрадын хаант улсын бүрэлдхүүнд орж явсан ард түмнүүдийн соёл, оюун санааны нэгдэлд ихээхэн хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.
ARD
1 Сибирийн салан тусгаарлах үзэлтнүүд(сибирские областники): 19-р зууны 2 дугаар хагас, 20 дугаар зууны эхэн үеийн Сибирийн автономит хөгжлийн үзэл баримтлалтай нийгэм, улс төрийн урсгалын төлөөлөгчид(Г. Н. Потанин, Н. М. Ядринцев гэх мэт) 2 Г.И.Гуркин: Григо́рий Ива́нович Гу́ркин (1870 —1937) , алтайн анханы мэргэжлийн зураач, И. И. Шишкиний шавь, теленгидийн хаан Коннайн удам, чорос овгийн төлөөлөгч.












