Үзэмчин ардын уртын дууны "Цаст Алтайн Бараа" цэнгүүн боллоо
Хэд хоногийн өмнөхөн буюу 2015 оны нэгдүгээр сарын 16-нд, Өвөр Монголын Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошууны Жийрийн голд Хөхөгчин хонин жилийн цагаан сарын баярт зориулсан "Цаст Алтайн Бараа" үзэмчин ардын уртын дууны цэнгүүн боллоо.
Үзэмчингүүд эрт дээр үед цаст Алтайгаас нүүж ирсэн домог түүхтэй хэмээн ярьцгаадаг. Үзэм түүж амьдардаг хэмээн хэлэлцдэгээс Үзэмчин гэсэн нэрийдэл бий болжээ. Үзэмчин нутаг бол уртын дуу, аварга бөх, цагаан зүсмийн адуугаараа алдартай билээ.

Энэ дундаа үзэмчин ардын уртын дуу бол өөрийн гэсэн давтагдашгүй өвөрмөц онцлогтой учраас бусад үндэстэн ястны дуу хуураас онцгой ялгардаг билээ. Өөрөөр хэлбэл, уртын дууны уран нугалаа, цайруулга, шуранхай, хаялга нь маш гайхалтай.

Энэ удаагийн уртын дууны цэнгүүнд Шархүү, Цэцэнгэрэл, Оюунсоёл, Нахиа гээд үзэмчин нутгийн дөрвөн үеийн уртын дуучид оролцжээ. Уртын дуучдын хамгийн ахмад нь 76 настай, хамгийн отгон нь дөнгөж 6 настай байлаа.

"Цаст Алтайн Бараа" үзэмчин ардын уртын дууны сар шинийн цэнгүүнд "Их богд булган хангай", "Амгалант төрийн товчоо", "Сэрмүүн сайхан Сэелз", "Урьхан хонгор салхи" зэрэг үзэмчин нутгийн домог түүх шингэсэн алдартай дуунууд багтсан юм.

Дашрамд сонирхуулахад, уртын дууны цэнгүүний үеэр үзэмчин нутгийн ардын уран сайханчдаас бүрдсэн ардын найрал дууны хамтлаг дуу хуураа өргөсөнийн тэмдэглүүштэй. Уртын дуу цууриатсан Үзэмчин нутагт шинэхэн цас орж, эх дэлхий цасан цагаан дээлээр хучигдаж, алтан наран дээрээс ивээсэн сайхан өвөл болж байна. Ийм ч учраас энэ нутгийн хүн ардын сэтгэл тэнэгэр, цог хийморьтой байсан юм.
Гэрэл зураг: cri.cn
Зохиогч: cri.cn
Үйл явдлын өрнөл: Үзэмчинүзэмчин ардын уртын дууЦаст Алтайн бараа












