Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн
Монголд “УБ Сонгдо” эмнэлэгийн онош, эмчилгээ, нарийн мэс заслын чанар чансаа хэдийнэ танигдсан билээ. Харин энэхүү эмнэлэг олон улсын түвшинд хүрээгээ тэлж, бүс нутгийн хэмжээнд иргэдэд хүрч ажиллахыг зорьж, эхний ээлжинд ОХУ-ын Буриадад өөрийн төлөөлөгчийн газрыг нээхээр болсон талаар тэр бүр мэдээлэл уншигдад хүрээгүй байгаа болов уу. Энэ талаар тодруулахаар УБ Сонгдо эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн захирал, доктор Ш.Зоригоотой уулзаж ярилцлаа.
-Танай эмнэлэгийн туршлагатай эмч нар олон нийт болон мэргэжлийн эмч нарт зориулан цуврал лекц уншиж байсан. Энэ цуврал лекциүдийн зорилго ач холбогдол нь юу вэ?
- Манай эмч нар өнгөрсөн оноос эхлэн цуврал лекцийн хуваарь гарган ажиллаж байна. Ихэвчлэн нарийн мэс засалч, туршлагатай, эрдэм шинжилгээний бүтээлтэй, эсвэл эмчилгээ, мэс заслын шинэ арга барилд суралцан эзэмшсэн эмч нар маань лекц уншиж байгаа. Миний хувьд өнгөрсөн 4-р сард зүрхний цусан хангамжийн дутагдал, зүрх судасны өвчин эмгэгийн үүсэл, шалтгаан, эмчилгээний аргын талаар лекц тавьсан. Манай лекцүүд олон нийтэд болон мэргэжлийн эмч нарт зориулан тусдаа зарлагддаг. Гадны орнуудаас манай эмнэлэгтэй хамтран ажилладаг Швед, Солонгос, Германы нарийн мэргэжлийн эмч нар ч лекц уншдаг. Нарийн мэс заслын шинээр нэвтэрч байгаа арга, туршлагыг танилцуулах, мэдээлэл солилцох, орчин үеийн анагаах ухааны хандлага, хөгжлийн талаар бодит мэдээлэл өгөх зорилго агуулдаг учир манай эмнэлэгийн нийгмийн хариуцлагын хүрээний бодлого гэж ойлгож болно.
-Танай эмнэлэгт сүүлийн үед нэмэгдсэн оношлогоо, эмчилгээний ололтуудын талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна?
-“Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 2007 онд анх Солонгосын “Сонгдо” эмнэлэгтэй хамтарч байгуулагдсан. Тэр үедээ дуран, дүрс оношлогоо, бүдүүн шулуун гэдэсний эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм билээ.
Харин 2011 оноос хойш Монголын талд шилжээд ерөнхий эмнэлгийн чиглэлээр ажиллаж, 2013 онд төв эмнэлгийн тусгай зөвшөөрлөө авсан. Энгийнээр хэлбэл, улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэгтэй ижил түвшинд үйл ажиллагаа явуулж байна. Дуран, дүрс оношлогоо, бүдүүн шулуун гэдэсний оношлогоо, эмчилгээний чиглэлээр Монголдоо тэргүүлж байгаа.
Араас нь бөөр, зүрхний чиглэлээр хурдацтай хөгжиж байна. Өнгөрсөн хоёр жилд бөөрний мэс засалд шаардлагатай нэг сая гаруй ам.долларын тоног төхөөрөмж авч, энэ талаар Монгол Улсдаа тэргүүлэх үйлчилгээг үзүүлж байна.
-Бөөрний ямар мэс заслууд хийж байна вэ?
-Чулуу авах, чулуу бутлах, түрүү булчирхайн мэс засал зэрэг олон төрлийн мэс засал бий. Ходоод, бүдүүн, шулуун гэдэс, хоол боловсруулах чиглэлээр ходоод, бүдүүн гэдсийг бүтэн авах ажилбарыг хэвлийн дурангийн мэс заслын аргаар хийж байна.
Ходоод бүдүүн гэдэсний дурангийн чиглэлээр цөсний замын эмгэгүүд болон эхэн үеийн хавдруудыг авах мэс заслыг амжилттай хийж байна. MRI, компьютер томограф болон дүрсний оношлогооны тоног төхөөрөмжүүдэд түшиглэн бусад эмнэлгүүдэд лавлагаа хэлбэрээр ажилладаг.
-Та зүрхний мэс засалч хүн шүү дээ. Энэ чиглэлээр ямар шинэ оношлогоо, эмчилгээг нэвтрүүлсэн бэ?
-Зүрх, судасны оношлогоо, эмчилгээний орчин үеийн аргууд хүчтэй түрэн орж ирж байна.Нэгдүгээрт, зүрхний титэм судас буюу зүрхийг өөрийг нь тэжээдэг судасны нарийсал, бөглөрлийн үед хийдэг оношлогоо, эмчилгээнүүдийг 2012 оноос эхлэн 500 гаруй хүнд хийгээд байна.
Энэ чиглэлээр монголчууд гадаад руу явах шаардлагагүй болсон
.Хоёрдугаарт, зүрхний төрөлхийн гажгийг судсан дотуур бөглөх нээлттэй мэс засал, титэм судасны дамнуулах мэс заслыг өнгөрсөн сард эхлүүлсэн.
Гуравдугаарт, хавхлагийн гажгийн судсан дотуур хийх мэс ажилбар /уушгины артерийн судсан дотуур тэлэх/ хийгээд эхэллээ.
Дөрөвдүгээрт, зүрхний хэм алдалтын чиглэлээр зүрхний өдөөгч тавих ажилбарыг хийж эхэлсэн.
Тавдугаарт, даралт ихдэлтийн үед хийж байгаа цоо шинэ ажилбар, ер нь дэлхийд хийгдээд 10 гаруйхан жил болж байгаа, Азийн зарим хөгжилтэй оронд хийх зөвшөөрлөө аваагүй байгаа энэ ажилбар манай эмч нар амжилттай хийж байна.
-Зүрхний өвчтэй, төрөлхийн гажигтай хүн манайд хэр олон байна вэ?
-Зүрх, судасны өвчин дэлхий нийтэд төдийгүй, Монголд ч тэргүүлж байгаа. Миний хэлсэн эмгэгүүд тус тусдаа. Зүрхний титэм судасны өөрчлөлт, зүрхний цусан хангамжийн дутагдал гэвэл бодисын солилцоо, даралт ихдэлт, өөх тос, сахар ихдэлт, илүүдэл жин, хөдөлгөөний дутагдалтай холбоотойгоор үүсдэг.
Зүрхний төрөлхийн гажиг бол удмын буюу жирэмсэн байх явцад, эсвэл төрсний дараа зүрхний цоорхой бөглөрөх үйл явцад саад үүсэх байдлаас хамааралтай. Жирэмслэлтийн явцтай холбоотой эрүүл ахуй, зөв хооллолт, агаарын бохирдолтой ч холбоотой. Зүрхний хавхлагийн гажгийн тухайд бид хоолойн ангин зүрхэнд орлоо гэж ярьдаг шүү дээ. Дийлэнх нь энэ шалтгаантай холбоотой.
Тэгэхээр амны хөндийн ариун цэвэр, дархлаажуулалт сайн байх, ихэвчлэн эрт илрүүлж, урьдчилан сэргийлж эмчлүүлэхээс шалтгаалан хавхлагийн өвчин цаашаа хэр зэрэг хүнд хэлбэрээр явагдах вэ гэдэг нь шалтгаална. Эрт оношлуулаад, урьдчилан сэргийлж чадвал хавхлагийн эмгэгээр өвдөхгүй байх ч боломжтой.
Хэм алдалтын шалтгаан янз бүр. Янз бүрийн хордлого, харшил, үрэвслийн суурь, насжилттай шууд холбоотой. Үүнээс гадна даралт ихдэлт бол хамгийн том асуудал. Энэ нь хувь хүний зуршил, нийгэмтэй холбоотой өвчин.
Даралт ихдэх өвчин үүсэхэд бөөрний судасны, бөөрний дээд булчирхайн өөрчлөлт нөлөөлнө. Мөн дийлэнх нь нойргүйдэл, стресс, жингийн илүүдэл, өөх тос, хөдөлгөөний дутагдалд орох, алкохоль хэрэглэх зэрэг хүчин зүйлээс болж даралт ихэсдэг. Даралт ихдэлтэд нөлөөлдөг эдгээр хүчин зүйлсийг биедээ байлгахгүй бол даралт хэвийн байх боломжтой.
-Цусны даралт ихдэх өвчтэй хүн тогтмол эм уух хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Гэтэл Та эмэнд дасалтай болдог тухай ярилаа. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Олон улсын удирдамжаар цусны даралтыг 130-аас доош байлгах ёстой гэдэг. Юуны өмнө тухайн хүн уух эм, тун хоёроо тааруулах ёстой. Тэгэхээр түүнийг тогтоож аваад, эмчийн хяналтад явах нь зүйтэй. Дээр өгүүлсэн нөлөөлөх хүчин зүйлсийг биедээ байлгахгүй бол даралт хэвийн байх боломжтой.
Артерийн даралт тогтмол 160-аас дээш гарч, дээр нь хоёроос дээш төрлийн эмэнд дарагдахгүй байвал эмэнд дасалтай гэж үзэж, бөөрний судасны артерийн симпатик мэдрэлийг түлдэг ажилбар хийх заалттай. Бид өнгөрсөн гуравдугаар сард энэ ажилбарыг хийсэн. Ажилбар амжилттай болж, даралт нь тогтворжсон.
-Хүн ер нь зүрхний ямар нэг эмгэгтэйгээ мэдэхгүй явж байх тохиолдол бий юү?
-Амьдралын хорт зуршилгүй, тамхи татдаггүй, ажил амралтаа зөв зохицуулдаг байх хэрэгтэй. Шөнөжин ажиллаад, өдөржин уурлаж бухимдаад байвал мэдээж муу. Жин нэмэгдэхэд бодисын солилцоог дагаад л даралт ихэсгэдэг бодис цусан дотор ихэсдэг. Даралт ихэсдэг шалтгаан ч үүнтэй шууд холбоотой.
Тэгэхээр эднээс салж чадвал бид эрүүл байх боломжтой. Энэ талаарх мэдээллийг хүмүүс хангалттай авч байгаа. Гэхдээ үүнийхээ төлөө юу ч хийхгүй л байх шиг санагддаг. Өдөрт дор хаяж 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Учир нь бидний идэж, хэрэглэж буй хүнс хоол тэр чигтээ энерги, өөх тос, сахар болоод биед хадгалагддаг.
Түүнийг их хөлс гаргаж, шатааж задлахгүй бол тэр чигтээ судасны хананд сууж, судас хатуурдаг. Судасны хана эхлээд шаар шиг байдаг бол цаас, кардон шиг болж зузаараад, сүүлдээ хагарна. Хагарвал тархины цус харвалт, бөглөрвөл зүрхний шигдээс болоод хүндрэл үүсгэдэг.
-Зүрх, судасны эмгэгийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Амьсгаадах, бачуурах, дотор давчдах, зүрх дэлсэх, бэлбэгэнэх, багалзуур барих, хөлөөр хавагнах зэрэг ямар ч зовиур гарсан эмчид л яаралтай ханд. Эхлээд өрхийн эмчдээ очиход чиглүүлээд өгнө шүү дээ. Зовиурлаж байна гэдэг өвчин эхэлсэн байна гэсэн үг. Тэр үед нь оношлоод, бүрэн эмчлэх боломжтой байдаг.
Ийм зовиуртайгаар удаан явбал эрүүл мэнд, эд эрхтэн, амь насаараа хохирно. Тиймээс 40-өөс дээш насныхан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил болгон орж байх нь зөв. Жишээ хэлэхэд, 25-26-хан настай залуу манай эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт ороод улаан хоолойн хорт хавдрын II үед нь хавдраа авахуулаад л маргааш нь ажилдаа явчихаж байна. Эрт үзүүлж оношлуулах нь асар их ач холбогдолтой.
-Эмч нар аль болох явган алх гэж зөвлөдөг. Алхах, гэрийн ажил хийх зэргээр хөдөлснөө биеийн хөдөлгөөний дутагдлаа нөхөж байна гэж үзэх хүн бий. Тэгэхээр энэ нь биеийн идэвхтэй хөдөлгөөн болж чадах уу?
-Явган алх, гүй гэхэд зарим хүн би ажил дээрээ өдөржин явдаг. Ажил руугаа алхдаг гэж хэлдэг. Тэр нь зөв. Эмч нар тасралтгүй идэвхтэй хөдөлгөөнийг өдөрт 30 минут хий гэж зөвлөж байгаа. Тэгж байж бие дэх өөх тос, сахар, нүүрс ус задарна. Шатаар алхахад 3-5 минут л болно биз дээ. Нөгөө талаар хүзүү, нурууны эмгэг гэж түгээмэл өвчин бий болсон.
Алхаад л, гүйгээд л байхад хүзүү, нуруу нэг их хөдлөхгүй, идэвхтэй хөдөлгөөн хийж чадахгүй. Хүзүү, нуруу чинь гэдийх, тонгойх, эргэх, тойрох хөдөлгөөн хийх ёстой атал хөдөлгөөнгүй байвал шохойжиж, остохондроз, толгой эргэх, хүзүү хөших, гарын үзүүр бадайрах, юм мартах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Энэ нь хүзүү, сээрний шохойжилтоос болдог эмгэг. Тэрнээс болоод нурууны завсраас гарч байдаг мэдрэл, түүн дотуур явдаг судасны дарагдаж, зовиурладаг. Тэгэхээр тэр хөдөлгөөнийг хүзүү, нурууны дасгал хийхээс өөр юугаар ч засаж чадахгүй.
Миний хүсээд байгаа нэг зүйл бол хуучны үйлдвэрлэлийн гимнастикийг сэргээмээр байна. Социализмын үед бүх албан газруудад хүмүүс коридортоо зогсож байгаад бүгдээрээ өдөр болгон дасгал хийдэг байсан. Шугамын радиогоор 12.30 цагт гимнастикийн хичээл явдаг. Тэрийг дагаад бүх үйлдвэрүүдийн ажилчид нийтээрээ гимнастикийн дасгал хийдэг байлаа.
Тогтмол дасгал хийж чадвал бид хотжилтын өвчин буюу хөдөлгөөний дутагдлаас дор хаяж 40 хувь хол байх юм. Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ анхаардаг, гүйдэг, алхдаг, дугуй унадаг болсон нь сайн хэрэг. Дээр нь төрийн бодлогоор энэ ажлыг явуулж, хүчийг нь авахуулбал сайн. Монголд нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн ажил зогссон. Уг нь манайд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон орны том том төслүүд хэрэгждэг. Сайн сайн судалгаанууд хийдэг ч тэр нь ном болж гараад л дарагддаг.
-Манайд зүрхний эмгэгтэй хүн хэр их байдаг бол?
-Сүүлийн үед ихсэж байна. Оношлогооны тоног төхөөрөмж, эмчилгээний ажилбарууд ч сайжирсан учир ихсэж байгаа мэт харагдаж болно. Нөгөө талаас хотжилт, хөдөлгөөний дутагдалтай холбоотойгоор сүүлийн үед өвчлөл ихэссэн. Зүрхний төрөлхийн гажиг өвчтэй хүүхэд Эх нялхсын эмнэлэгт ирэх нь эрс нэмэгдсэн байна.
Стресс, баталгаагүй хүнс, утаа, нийгмийн хар бараан мэдээллийн түрэмгийлэл дунд байгаа хүн тайван орчинд амьдрах эрх нь хязгаарлагдаж, эхчүүд хэвийн жирэмслэх үйл явцад сөргөөр нөлөөлж байгаа юм.
-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог Та их шүүмжилдэг байсан. Харин өнгөрсөн хавар УИХ-аар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Энэ хуулийг Та судалж үзэв үү?
-Их боломжийн хууль батлагдсан. Энэ хуульд төлбөр өндөртэй эмчилгээний тодорхой хувийг даатгалын сангаас даана. Улс, хувийн эмнэлэг ялгаагүй даатгал үйлчлэхээр хуульчилсан. Даатгалын үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, хавдрын эмчилгээг ч даатгалын сангаас даахаар боллоо. Тэгэхээр энэ бол үсрэнгүй дэвшил гарсан хууль.
Дээр нь 2016 оны нэгдүгээр сараас Нийгмийн даатгалаас Эрүүл мэндийн даатгал нь тусгаарлагдаж сална. Үүнийг дагаад эрүүл мэндийн салбарын эмчилгээ, оношлогоо, үйлчилгээний салбар эрс сайжирна. Үүн дээр эмч, мэргэжилтнүүдийн сургалт, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн үнэлгээнд төрөөс анхаарах хэрэгтэй. Улсын эмнэлгийн тухайд бол хэн сайн боловсрол эзэмшсэн, хэн илүү их ажил хийсэн нь илүү сайн цалин авдаг тогтолцоонд оруулбал зүгээр юм.
Би улсын эмнэлэгт ажиллаж байсны хувьд мэргэжилтнүүдийн цалин хөлс муу, эмч нар нь нэр хүнд муутай, авлигачин гэх мэтээр хамаг муугаараа дуудуулан маш их ачаалалтай ажилладаг. Тийм их ажилтай, бага цалинтай хүнийг үйлчлүүлэгчтэй найрсаг харьц гэж шаардахад хэцүү болчихож байгаа юм. Ийм байдлаараа явбал улсын эмнэлгүүд сайн мэргэжилтнүүдээ хувийн эмнэлгүүдэд алдаж дуусна. Энэ бол зах зээлийн хууль.
-Эрүүл мэндийн яамнаас улсын эмнэлгийн эмчийн хийж байгаа ажлыг үнэлээд, нэг эмч сард 2.7 сая төгрөгийн ажил хийж байна гэсэн судалгаа гаргасан байсан?
-Үнэн. Би III эмнэлэгт байхдаа нэг эмч өдөрт 32 хүн үзнэ гэж тооцоод, авч байгаа цалинг нь бодоод үзэхэд нэг хүнийг 500-1500 төгрөгөөр үздэг. Нэг талхны үнэ шүү дээ. Тийм үнэлгээтэй үйлчилгээнээс чанар шаардах боломжгүй. Би буяны “Энэрэл” эмнэлэгт ажиллаж байхдаа өдөрт 100 хүн үздэг байлаа.
30-аас дээш хүн үзээд ирэхэд чагнуур хийсээр байгаад чих хорсдог байхгүй юү. Тэгэхээр оюун санааны хувьд үзэх ёстой гэж бодож байгаа ч хүн физиологийн хувьд ядардаг учир чанарын тухай ярихын хэрэггүй л дээ. Улсын эмнэлгүүдийн үйлчилгээ өнөөдөр ийм л байдалтай. Даатгалын тогтолцоогоо дагаад сайжрах байх гэж найдаж байна.
-Хэдийгээр хувийн эмнэлгүүд олноор байгуулагдсан ч төлбөр мөнгөний асуудлаас болоод улсын эмнэлгүүдийн ачаалал буурахгүй байна шүү дээ?
-Яагаад буурахгүй байна гэхээр нэгдүгээрт, Эрүүл мэндийн даатгал зөвхөн улсын эмнэлэгт үйлчилдэг байсан. Хоёрдугаарт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шатлалаар нь өрхийн, нэгдсэн, төв гэсэн гурван түвшний үйлчилгээ үзүүлэх эмнэлэгт хувааж ухаантай шийдэл гаргасан.
Өрхийн эмнэлгийг техник, тоног төхөөрөмжөөр хангаж, боловсон хүчнийг бэлдээгүй, зүгээр байшин бариад орхичихсон. Өрхийн эмнэлэгт наад зах нь зүрхний бичлэг, ЭХО, цус, шээсний шинжилгээг хийдэг байхад энэ шинжилгээг хийлгэхийн төлөө дүүргийн болон клиникийн эмнэлэг рүү явах шаардлагагүй болно.
Дүүргийн эмнэлэгт компьютер томограф, MRI, доплерийн аппарат нь байхад тэд нар гуравдугаар эмнэлэг рүү явахгүй. Төв эмнэлэг рүү дүүргийн эмнэлгийн дийлэхгүй оношлогоо, мэс засал хийлгэх хүн ханддаг болно. Өрх, дүүргийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, эмч мэргэжилтнүүдээ сургаагүй тохиолдолд төв эмнэлгүүдийн ачаалал хэзээ ч буурахгүй.
-Хувийн эмнэлгүүд улсын эмнэлгийн ачааллыг тодорхой хэмжээгээр хуваалцаж байгаа биз дээ?
-Манай эмнэлгийн хувьд хангалттай хэмжээнд хуваалцаж байгаа. Манай эмнэлгийн амбулаториор үзүүлсэн, хэвтэн эмчлүүлсэн хүний тоо гурван том эмнэлгийн тоотой ойр очно. Гэхдээ энд иргэд үйлчилгээний хөлсийг халааснаасаа төлдөг. Манай зөвхөн хэвтэн эмчлүүлэх хэсэгт даатгалаас 300 мянга гаруй төгрөг чөлөөлөгддөг.
Тэгэхэд улсын эмнэлэгт нэг хүн хэвтээд гарахад 600-800 мянга гаруй төгрөг даатгалаас төлж байна. Харин одоогийн шинэчлэгдсэн хуулиар хувийн эмнэлэгт зөвхөн хэвтсэн биш, амбулаториор үйлчлүүлсэн хүнд ч даатгал үйлчлэх боловсронгуй хувилбартай болсон. Энэ хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.
-Тэгэхээр танай эмнэлэгт оношлогоо хийлгэхээр эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бариад ирж болох нь ээ?
-Улс, хувийн эмнэлэгт даатгал адилхан үйлчлэх хууль гарсан. Чухам яаж хэрэгжихийг мэдэхгүй байна. Даатгалын үйлчилгээнд хамрагдахын тулд хувийн эмнэлгүүд сонгон шалгаруулалтад оролцох ёстой. Манай эмнэлэг материалаа өгөөд тэнцсэн. Эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг даатгалаар иргэдэд үйлчлэхэд бэлэн. Дээр нь үүнийг зохицуулах журам Эрүүл мэндийн яамнаас гарна гэж ойлгож байгаа.
-Танай эмнэлэг болон та хувьдаа цаашдын ямар зорилт тавин ажиллаж байна вэ?
- 2014 он 3-р сараас эхлэн манай эмнэлэг Тайландын Бумрунград эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа. Бумрунград бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний олон улсын JCI магадлан итгэмжлэлтэй байгууллага. Эхний ээлжинд бид эмчилгээ, үйлчилгээний чанар, түвшинээ Бумрунградын зэрэгт хүргэх зорилт тавин ажиллаж байна. Хоёрдугаарт, бид олон улсын JCI магадлан итгэмжлэл авахаар зорьж байна. Гуравдугаарт, манай эмнэлэг төв Азийн бүс нутгийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх, өөрөөр хэлбэл Өвөр Монгол, Буриад, Казахстан гэх мэт орнуудын үйлчлүүлэгчдийг татах, тэдэнд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх бодлого барьж байгаа. Бид ОХУ-ын Буриадад өөрийн төлөөлөгчийн газрыг нээх төлөвлөгөө гаргасан байсан боловч эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор одоохондоо хойш тавиад байна. Гэхдээ ойрын хугацаанд Улан-Удэд өөрийн төлөөлөгчийн газартай болсноор манай үйлчилгээг сонихрсон хүмүүст илүү бодит, дэлгэрэнгүй мэдээлэл хүртээмжтэй болох байх.
-Ярилцсанд баярлалаа.
Гэрэл зураг: "УБ Сонгдо" эмнэлэгийн архив
Үйл явдлын өрнөл: УБ Сонгдомэс засалзүрхний өвчинэмчилгээ