Чингис Хаан зочид буудал: “Бид дэлхийн монголчуудад Монгол Улсын иргэдийн адил үнэ тарифаар үйлчилнэ”
Алтай холдингийн дэд ерөнхийлөгч, Чингис хаан зочид буудлын гүйцэтгэх захирал О.Одбаярын ярилцлага. Тэрбээр Дэлхийн монголчуудад Монгол Улсын иргэдэд үйлчилдэг үнэ тарифаар үйлчилэх тухай сонирхолтой санаачлага гаргаж байна.
- “Best in Mongolia 2014” олон нийтийн санал асуулгад танай зочид буудал олон саналын зөрүүтэй тэргүүлж явна. Өөрийн байгууллагын ялах боломжийн талаар чинь яриагаа эхэлье. Ер нь Чингис хаан зочид буудлын чансаа хэр үнэлэгддэг вэ?
- Баярлалаа. Манайх их эзэн Чингис хаанынхаа нэрээр овоглосон цорын ганц зочид буудал. Ийм нэртэй зочид буудал дэлхийд өөр хаана ч байхгүй, бий болох ч үгүй. Тийм болохоор монгол туургатны түүхэн бахархал болсон, дэлхийн мянганы хүнээр нэрлэгдсэн энэ өвөг дээдсийнхээ нэр өндөрт өргөж явах, тэргүүлэгч байх үүрэг хариуцлага бидэнд байдаг. Чингис хаан зочид буудлын хамт олон зөвхөн нэрээрээ биш олон зүйлээрээ тэргүүлэгч байхыг зорин ажилладаг. Үйлчилгээний чанар, стандарт, нэр төрөл, аюлгүй байдал гээд орчин үеийн зочид буудлын цогц үйлчилгээг үзүүлдэг. Монголд ирсэн гадны төр, нийгэм, соёл урлагийн гээд олон нэр хүндтэй зочид манайд буудалладаг. Энэ нь бидний нэр хүндийн баталгаа, мөн хариуцлага болж байна.
- ARD портал сайтын уншигчид маань ихэвчлэн орос хэлтэй, монголын аж амьдрал, бизнесийн талаар төдийлэн мэдээлэлгүй боловч сонирхдог хүмүүс байдаг л даа. Тийм болохоор Чингис хаан зочид буудлын түүхээс товч ярьж өгөхгүй юу?
- Манай зочид буудал Монгол люкс зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээ үзүүлээд 20 жил болж байна. Ирэх оны 11-р сард ойгоо тэмдэглэнэ. 1980-аад оны сүүлээр БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс Улаанбаатар хотод эзэн Чингисийн нэрээр овоглосон зочид буудал барих шийдвэр гарч, Италийн архитекторын гаргасан загвар шийдлээр зураг төсөл нь боловсорсон байдаг. Тухайн үед аялал жуулчлалаар Европ тивд тэргүүлэгч орны тоонд орж байсан Югославийн гүйцэтгэгч нар барилгын ажлыг гүйцэтгэсэн. Өөрчлөлт шинэчлэл, ардчилсан хувьсгалын үед зогсонги байдалд орсон “Чингис хаан” зочид буудлын барилгын ажил 1993-1994 онд хөрөнгө оруулагчдыг татах, хувьчлах асуудал яригдаж, удалгүй ашиглалтанд өгсөн юм.
Өөрөөр хэлбэл, анхнаасаа “Чингис хаан” гэдэг нэрийг өгснөөр манай зочид буудлын цаашдын замыг тодорхойлсон. Энэ нэр бол монголчуудын бренд. Биднийг Чингис хаанаар хамгийн түрүүнд мэддэг, энэ нэрээр бид бүгд бахархдаг. Энэ нэр нь монголчуудын хувьд өгөгдсөн бренд, бренд байх ч ёстой.
Саяхныг хүртэл Монголын зочид буудлын салбарыг “Чингис хаан”, “Баян Монгол”, “Улаанбаатар”-аар л төсөөлж ирсэн. Эдгээр буудлууд л люкс зэрэглэлийн үйлчилгээг Монголд бий болгож, авч явж ирсэн. Сүүлийн жилүүдэд Кемпински, Туушин, Рамада гээд шинэ өрсөлдөгчид гарч ирж байгаа.

- Таны хэлснээр монгол туургатны бахархал болсон энэ нэрээр овоглоход ямар нэг, эрч хүч, энерги мэдрэгддэг, эсвэл илэрдэг болов уу?
- Тэгэлгүй яахав. Дээр хэлсэнчлэн, Чингис хаан гэдэг нэрийг дагаад бидэнд том боломж, том бренд өгөгдсөн байсан гэсэн. Нэгдүгээрт, энэ нэрээр овоглож байгаа хамт олонд тэргүүлэгч, шилдэг байх тэмүүлэлийг өгдөг. Энэ хаалгаар орж ирсэн ажилтан бүр л эрч хүчийг өдөр бүр мэдэрч, зорилгынхоо төлөө явдаг. Хоёрдугаарт, энэ буудалд ажиллаж байсан хэн ч бардам байдаг. Манай зочид буудлаас гарсан ажилчин дандаа л дээшээ ахисан байдаг. Цалин хөлс, албан тушаалын хувьд манайхаас гараад доошилсон хүн огт байхгүй.
Гаднаас ирээд манай буудалд буусан хүн “Монголд очоод Чингис хааны гэрт буугаад ирлээ” гэсэн сэтгэгдлийг үлдээх нь бидний зорилго, үйл ажиллагааны чиг шугам болдог.
Зочдын тав тух, сэтгэл ханамж гэдэг энэ салбарын гол суурь нь шүү дээ.
- Та өөрөө энэ бизнест хэр удаан ажиллаж байна? Ажил мэргэжлийн туршлагаасаа танилцуулаач?
- Би өөрөө хуульч мэргэжилтэй. АНУ-д эдийн засгийн чиглэлээр мөн суралцсан. УБИС-д нэг хэсэг багшилж байсан. БНХАУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байсан. 2010-2012 онд Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөхөөр ажиллаж байхад миний хариуцаж байсан чиглэл нь аялал жуулчлал байсан. Тэр үед бид Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого боловсруулах тал дээр ажиллаж, Монголд ирэх гадаад жуулчидын тоог жилд нэг саяд хүргэх зорилт тавьж байлаа. Гэвч 2012 оны сонгуулиар МАН ялагдснаар тэр ажил маань замхарсан. Харин одоо би бодлогын түвшинд биш ажил хэрэг, үйл ажиллагааны түвшинд ажиллаж, энэ салбарын хатуу хөтүү, асуудал, амтыг мэдэрч байгаадаа баяртай байдаг.
- Та зочдын тав тух, сэтгэл ханамжийг бодож явдаг хүн өөрөө яаж амардаг вэ? Чөлөөт цагаа өнгөрөөдөг хобби тань юу вэ?
- Спортоор хичээлэдэг. Долоо хоногт гурван удаа фитнест явж дасгал хийдэг. Хагас сайн өдөр болгон сагс тоглодог. Ер нь спортоор хичээлэж л амардаг даа. 1994 онд Сү.Батболдын байгуулж байсан “Алтай бүргэдүүд” гэж баг бий. Монголын үндэсний сагсан бөмбөгийн лигид тоглодог. Энэ багт тоглож байсан. Мастеруудын лигийн найз нөхөдтэйгөө тоглох хоббитой доо.
- Гадагшаа явж амардаг уу?
- Гадаад улс орон руу хааяа явнаа. Гэхдээ ер нь ажлаар л явж байна.
- Аялал жуулчлалын салбарт зүрх сэтгэлээ зориулж яваагийн учир юу вэ?
- Миний аав МУСГЗ Лувсангийн Одончимэд гэж хүн бий. Зохиолч, яруу найрагч, мөн нийгмийн зүтгэлтэн гэдгээр нь хүмүүс мэднэ.
Аав маань Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн хийд, энергийн төвийг сэргээх, монголын ард түмэнд таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж, сэтгэл зүрхээ зориулсан хүн. Одоо монголчуудын очих дуртай, хүндлэлтэй газар болсон байна. Ийм болохоор нутаг усаа хайрлах, хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх сэдэл залуугаас надад төлөвшсөн гэсэн үг.
Монголчууд их түүхтэй, бахархах олон сайхан дурсгалт газартай, байгалийн баялаг, том газар нутагтай ард түмэн. Аялал жуулчлалын зөв бодлого боловсруулан баримталж, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх нь Монголд их боломж, ашиг орлого авчирна гэж боддог.
- Таны амьдралын зарчим, амжилтанд хүрсэн гол “түлхүүр” тань юу вэ?
- Мэдлэг, боловсрол бол хүнд давуу боломжийг олгодог. Үүнээс гадна хүнд үүрэг, хариуцлага гэж юм бий. Гэр бүлийнхээ өмнө, найз нөхдийнхөө өмнө, хамтран ажиллаж байгаа хүмүүсийн өмнө, ажилтан, албан хаагчдынхаа өмнө гэх мэт. Үүргээ биелүүлж, хариуцлага алдахгүй байх нь хүнийг амжилтанд хүргэдэг. Энэ бол миний зарчим, амьдралын философи маань юм.
- Зочид буудал, аялал жуулчлалын салбар тив дэлхийд хамгийн нэр хүндтэй, ашиг орлоготой бизнест тооцогддог. Монголд ийм байж чадаж байна уу?
- Монголын аялал жуулчлалын салбарыг төрийн бодлогоор дэмжих ёстой. Тэгж байж бидэнд том боломж, үүд хаалга нээгдэнэ. Миний санаж байгаагаар дэлхийн нийт улс орнуудын ДНБ-ий 6-7 хувийг аялал жуулчлал эзэлдэг. Монголд жилдээ аялал жуулчлалын салбарын нийт орлого 300 сая ам.доллар орчим эргэлддэг. Энэ манай аялал жуулчлалынхан бүгд хуваан хүртэж байгаа гэсэн үг.
2011-2012 онд Монголд айлчилсан гадаад иргэдийн тоо рекорд тогтоож 680 мянгад хүрсэн байдаг. Гэтэл сүүлийн хоёр жилд 20, 20 хувиар буураад, энэ жилийн статистик тоогоор 300 мянга болсон байна.
Энэ нь төдий чинээгээр бидний ашиг орлого буурсан гэсэн үг. Шийдэх асуудал, боловсруулах ёстой ажил их бий. Улаанбаатар хотод өнөөдөр 4-5 одтой зочид буудлын люкс зэрэглэлийн үйлчилгээ 1200 орчим өрөө бий. Дундажаар эдгээр 20-35 хувь л хүчин чадлаараа ажиллаж байна.
- Та энэ салбарын томоохон менежер хүний хувьд ямар боломжуудыг олж харж байна?
- Юун түрүүнд бид аялал жуулчлалын нэгдсэн маршруттай, төрийн бодлоготой болмоор байна. Аялал жуулчлал хөгжсөн улс орнууд болох Тайланд, Малайз, Испани, Сингапур гээд улс орнууд бүгд л жуулчдыг татах тодорхой уламжлал, брендүүдтэй байдаг. Гадны жуулчин хүн Монголд ирээд юу хийх вэ, юу үзэх вэ, юу хүсч байна гэдгийг мэдрэх, үйлчилж сурах хэрэгтэй байна. Монголд ирж буй жуулчид хөдөө, тал нутаг үзэх, морь унах гэж ирдэг. Ингээд л зогсчихож болохгүй. Уялдаа холбоо бүхий цогц аялал жуулчлалыг бий болгох нь чухал. Гадны орнуудын аялал жуулчлалын тур-операторуудад Монголын талаар мэдээлэл, аялал багцууд байдаг. Гэвч тухайн жуулчин өөрөө “би Монгол явъя” л гэж хэлэхгүй бол тэд санал болгодоггүй. Нэгдүгээрт, монголд жуулчлах багц үнэтэй байдаг, хоёрдугаарт тур-операторуудын хувьд нэр хүндтэй байгаа, сайн сурталчилж байгаа чиглэлүүдийг зарах сонирхолтой байдаг. Иймд Монгол орныг аялал жуулчлалын орон болгохын тулд бодлоготойгоор сурталчлах хэрэгтэй. Жишээ нь аялал жуулчлалын салбараас олж байгаа нөгөө 300 сая орлогоосоо нэр нөлөө бүхий мэдээллийн сувгуудад нэг нэг сая долларын гэрээ хийгээд сурталчилж болно шүү. CNN, BBC, National Geographic, Discovery channel гээд хүчтэй сувгуудаар Монголын талаарх мэдээллийг цогцоор, олон дахин цацдаг байвал, нөгөө жуулчид маань тур-операторууд дээр очоод шууд л монгол явах багц худалдаж авдаг болно шүү дээ.
Өөр нэг зүйл гэвэл, бид, монголчууд гадны жуулчдад үйлчилж сурмаар байна. Та бүхэн анзаарсан боловуу үгүй болов уу? Зун хөдөөгүүр явж байхад монголчууд өөрсдөө том том жийпээр давхиад байдаг, гадаадын жуулчид 10-20-оороо фургонд чихэлдчихсэн явж байдаг.
Тав тух, сэтгэл ханамж гэдэг зүйл ийм юмнаас их хамаардаг. Нэг ирсэн жуулчин дараа найздаа, дотны хүмүүстээ “Монголд үнэхээр гоё байна” гэж хэлдэг байж байж л аялал жуулчлал хөгжинө шүү дээ. Монголын УИХ аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 1996 онд Казиногийн тухай хууль баталж байсан. Тухай үед нийгмийн зүгээс казиног дагаад нөгөө айхтар мафи, биеэ үнэлэлт, гэмт хэрэг цэцэглэчихнэ гэсэн болгоомжлол, шүүмжлэл их байсан учир удалгүй уг хуулийг татсан. Одоо харин энэ хуулийн хэрэгцээ байна гэж боддог. Монголын нийгэм тэр үеэс огт өөр болсон. Нэгдүгээрт монголчууд бид капиталист нийгэмд амьдраад сурчихлаа, энэ нийгмийн бүхий л үзэгдэл Монголд байна. Хоёрдугаарт, казино бол аяллал жуулчлалыг хөгжүүлдэг томоохон чиглэл гэдгийг Сингапур, Малайз, Макао, БНСУ гээд олон газрын жишээгээр харж болно. Нэг зүйлийг онцлоход, Монголд казино байгуулвал, Монгол Улсын иргэдэд хаалттай үйлчилгээтэй байх ёстой.
- Чингис хаан зочид буудал гэсэн нэрэн дор олон салбар бизнес цэцэглэж байгаа. Одоогийн байдлаар ямар ямар үйлчилгээ, үйл ажиллгаа явуулж байна вэ?
- Манай байгууллага “Чингис хаан зочидал цогцолбор” ХХК гэж явдаг. Алтай холдингийн бүрэлдэхүүнд ордог. Зочид буудал, бассейн, фитнес клуб, супер маркет, төрөл бүрийн ресторан, хурал, ёслолын танхимууд гээд бүгд нэг дор цогцолсон байдаг. Өөрөөр хэлбэл, жуулчин хүн манайд буугаад гарахгүйгээр бүх хэрэгцээгээ хангах боломжийг бүрдүүлсэн гэж болно. Мөн зочид буудлын дэргэд БНСУ-ын E-mart сүлжээ дэлгүүрнийн загвараар 7 давхар барилгын ажилд хөрөнгө оруулалт хийгээд, одоо баригдаж байна. Гол чиг шугам нь эрүүл хүнс, хүнсний аюулгүй байдлын стандартыг хангасан цогц үйлчилгээг нэвтрүүлж байна.
- Чингис хаан зочид буудал янз бүрийн цаг хугацаанд тив, дэлхийд алдартай олон зочид бууж байсан байх. Тэднээс дурьдвал?
- Өө ер нь олон доо. Манай зочид буудал анх баригдахаасаа эхлээд зай талбай, дотоод зохион байгуулалт бүгд дэлхийн түвшний зочид буудлын стандартаар баригдсан болохоор Монгол Улсад айлчилсан бүх л төрийн зүтгэлтэнүүд, дээд түвшний зочид манайд буудаг. Аюулгүй байдлын үүднээс ч гэсэн хамгийн цогц шийдэлтэй нь манайх. Ядаж л хоёр улсын ерөнхийлөгч нэг лифтээр буухгүй байх нөхцлөөс авахуулаад аюулгүй байдал энд чухал үүрэгтэй байдаг. Саяхны жишээ гэвэл Японы ерөнхий сайд Абе Шинзо, БНХАУ-ын дарга Ху Жинь Тао, Киргизийн ерөнхий сайд гээд хүмүүс зочилсон доо.
- Сонирхолтой урлаг, спортын одууд гэвэл?
- Өнгөрсөн зун NBA-ын “Чикаго буллз” багийн тоглогч Лоул Дэнг Монголд ирээд манайд буусан. Ер нь олон хүн ирдэг. Зочин бол зочин. Би тэр нь од, энэ нэртэй алдартай гэж ялгадаггүй. Энэ зарчмаа ажилчиддаа ч хэлдэг. Хэн ч байсан гэсэн, Чингис хаан зочид буудал хоноод явахдаа сэтгэл хангалуун байх ёстой.
- Шинээр аливаа бизнест хөл тавьж байгаа өрсөлдөгчид бид үүгээрээ анхдагч гэж их тодотгодог. Тэгвэл үнэхээр Чингис хаан зочид буудал анх Монголд нэвтрүүлж байсан олон тушлага бий байх?
- Манай зочид буудал анх баригдахаасаа эхлээд л зочид буудлын зориулалтаар баригдаж, зай талбай, аюулгүй байдал, хүнсний хадгалалт гээд бүгдийг цогцоор шийдсэн анхны буудал. Орчин үеийн дээд зэрэглэлийн зочид буудлын түвшинд ингэж цогцоор шийдвэрлэсэн барилга Улаанбаатарт манайхаас гадна Шангрила л байна. Манай зооринд 12 хөргөгч бий. Өндөг, мах, жимс, хүнсний нөгөө, ундаа, архи дарс гэх мэт бүгд тусдаа. Өндөгний хөргөгчинд өндөг л хийнэ гэх мэтээр хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажилладаг. Энэ барилгад 10 лифт бий. Зөвхөн 4 нь зочдынх. Бусад нь ажилчдынх, ачааных, аюулгүй албаных гээд мөн тусдаа. Манай барилга өөрөө шийдлийн хувьд өвөрмөц, цор ганц. Бид хөрөнгө оруулалт хийж засч сэргээх, өөрчлөх ажлыг төлөвлөгөөний дагуу хийгээд явж байна.
- Улс орны эдийн засгийн байдал энэ салбарын бизнест хамгийн түрүүнд нөлөөлдөг байх. Монголд зочид буудлын бизнес хэр хэмжээний хямралыг даван туулж чадах вэ? Өрсөлдөөн хэр байна?
- Үйлчилгээний салбарт өрсөлдөөн эрчтэй байна. Зочид буудлын салбарт гэхэд олон шинэ хүчтэй өрсөлдөгчид гарч ирсэн. Олон улсын сүлжээ зочид буудлууд ч орж ирж байна. Кемпински, Шангрила, Рамада гэх мэт. Манай зочид буудал 4 одтой зэрэглэлтэй боловч 5 одтой зочид буудлын үйлчилгээ үзүүлэх түвшинд ажиллахыг эрмэлздэг. Дээр хэлсэнчлэн сүүлийн хоёр жилд дараалан гаднын жуулчдын тоо буурсан. Тэр хэмжээгээр бидний ашиг орлого унасан гэсэн үг. Гэхдээ бид улам сайжрах, хөрөнгө оруулалт энэ салбартаа хий, төрийн бодлогоор дэмжиж өгөх шаардлагатай байна. Мөн бид дотоодын жуулчдаа ч татах тал дээр анхаарч байна. Яагаад орон нутгийн иргэд маань Чингис зочид буудалдаа буугаад сайхан үйлчлүүлээд явдаг байж болохгүй гэж.
Жилд давхардсан тоогоор нэг сая монгол иргэн хилийн дээс алхаж байгаа. Төсөөлж байна уу? Их тоо. Хил гарсан хэн ч бай, хэрэгцээгээ хангах, бэлэг сэлт худалдаж авах, буудалд хоноглох гэх мэтээр мөнгө зарцуулж байдаг. Өөрөөр хэлбэл, монголчуудын мөнгө гадагшаа их урсаж байна.
- Танайх ирж буусан гадны зочдынхоо талаар судалгаа хийдэг байх? Өвөр монгол, буриад, халимаг, тува гээд монгол туургатнууд маань хэр хувь эзэлдэг бол? Тэдэнд давуу боломж олгох нөхцөл хэр вэ?
- Судалгаа хийдэг. Монгол туургатнуудын маань эзлэх хувь бага байгаа. Буриад, өвөр монгол гээд том утгаараа бид бүгд л монголчууд. Тэд маань Монголдоо тодорхой хувиар ирж байгаа ч дээд зэрэглэлийн үйлчилгээ хүртэж чадахгүй байна. Бидний зүгээс ч энэ тал дээр анхаарч эхэлсэн. Монгол туургатны төлөөлөл болсон хүн манайд ирэхэд бид дотоод иргэний тарифаар үйлчилэхэд бэлэн байна.
Яагаад тэд маань эх Монгол нутгаа үзэх гэж хүсч зорьж ирчихээд аюулгүй байдал, хүнс, хэрэглээндээ санаа зовж, амарч чадалгүй буцдаг байх гэж. Сайхан үйлчлүүлээд, амраад, сэтгэл дүүрэн буцах ёстой эхний ээлжийн хүмүүс бол тэд.
Сая 11 дүгээр сарын 15-наас ОХУ-Монгол Улсын иргэд визгүй зорчдог болсон. Иргэдийн наашаа урсгал эрс нэмэгдэж байна. Өдөртөө 600 хүн нэвтрүүлэх хүчин чадалтай Алтанбулагийн боомт дээр одоо өдөртөө 1500 орчим хүн орж байна. Эргээд бид үйл ажиллагаа, үйлчилгээний чанартаа анхаарах ёстой л гэсэн үг.
- Тив, дэлхийд алдартай зочид буудлууд ихэвчлэн олон улсын сүлжээ болон өргөжсөн байдаг. Чингис хаан зочид буудалд ийм хэтийн зорилго, эсвэл хийж буй алхам бий болов уу?
- Чингис хаан зочид буудал олон улсын ийм сүлжээнд нэгдэх, үүгээрээ хөрөнгө оруулалт олох боломж байдаг. Гэхдээ дэлхийд ганц байгаа Чингис хаан нэртэй зочид буудал хэн нэгний, эсвэл ямар нэг сүлжээний дор байх ёсгүй гэсэн зарчмыг барьж явдаг. Манай байгууллага Алтай холдингийн бүрэлдэхүүнд ордог бөгөөд өөрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж улас чанаржих, үйлчилгээгээ шинэчлэх тал дээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Нийт аялал жуулчлал хөл дээрээ бат зогсож чадсан үед таны хэлсэн боломж бүрдэх болов уу.
- За сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа. Манай ARD портал сайт сард 300 мянга орчим хандалттай болсон. Манай уншигчдад хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү хэмээн хүсч байна?
- За, баярлалаа. Юуны өмнө монгол туургатан ард түмнүүдийн мэдээлэл харилцааны чухал хэрэгцээг хангах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа ARD сайтын хамт олонд болон, уншигчдад ирж буй шинэ оны мэнд хүргэе! Хилийн гадна байгаа ч гэсэн монгол үндэстэн хүмүүс маань бие биенээ дэмжиж, сэтгэл зүрхээрээ цуг байдаг гэж итгэдэг. Ирэх жилд бид бие биенээ улам сайн танин мэдсэн, хамтран ажилласан, амжилт бүтээлээр дүүрэн он байх болтугай гэж ерөөе!
-Баярлалаа.
Орос хэл дээр:http://asiarussia.ru/persons/5554/
Гэрэл зураг: Гэрэл зургийг Б.Наранбаатар
Үйл явдлын өрнөл: Монгол УлсМонголын зочид буудлуудЧингис Хаан зочид буудал












