Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт цуцлагдаж, ердийн журмаа мөрдөхөөр болжээ

Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих санал асуулгыг иргэдээс энэ сарын 11-14-ний 18:00 цаг хүртэл авсан билээ.
Санал асуулга өчигдөр 18:00 цагт дууссан бөгөөд нийт 6544 иргэн оролцсоны 52 хувь нь дэмжсэн байна.
Иймд энэ талаар ТЦА, ЗХУТ-өөс мэдээлэл хийхдээ "Иргэдээс тэгш сондгойгоор явуулах санал ирсэн бөгөөд санал асуулгад 52 хувь нь дэмжсэн байна. Тиймээс маргаашаас тэгш, сондгойгоор зорчиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл 12 дугаар сарын 15-аас 31-ний өдөр хүртэл 08:00-22:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор зорчино. Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол ухаалаг камерын хяналтын системээр мэдээлэл бүртгэгдэж, торгууль очихыг анхааруулж байна" гэв.
Гэвч тус шийдвэрийг зарласнаас хоёр цагийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өгсөн. Тэрээр "Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хийсэн мэдээллийг нягтлахад дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв" гэсэн юм.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмын 2.2-т: Шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас гаргасан саналыг харгалзан баяр, амралт, онц байдал, хөл хорио тогтоох үед замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга тухай бүр гаргана гэж заасан байдаг.
Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс тодруулга авахад "Өчигдөр санал асуулга дуусаж, иргэдийн ихэнх хувь буюу 52 хувь нь дэмжсэн тул автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор явуулах талаар танилцуулсан. Гэвч тус шийдвэрийг Хууль зүй, Дотоод хэргийн сайд өчигдөр орой түдгэлзүүлсэн. Иймд тэгш, сондгой дугаараар хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулах шийдвэр цуцлагдсан. Өнөөдрөөс ердийн журмаа мөрдөж, замын хөдөлгөөнд оролцоно" гэв.












