Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл бүлгийн даргаараа Л.Гантөмөрийг сонгохыг санал болгох уу?

УИХ дахь АН-ын бүлгийн дараагийн дарга хэн бэ?
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, Их хурлаа хуралдуулж УИХ дахь бүлгийн даргаа намын даргаараа сонгосон. Үүнтэй холбоотойгоор тэр цагаас хойш тус намын бүлгийн дараагийн дарга хэн бэ гэсэн асуулт хариултаа нэхэж эхэлсэн. Энэ асуултад хариулт өгөх хугацаа ойртсоор байна.
УИХ-ын намрын чуулган өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийж, намын бүлгүүд анхны хурлаа хийсэн. УИХ дахь АН-ын бүлэг анхны хурлаараа бүлгийн даргаа сонгоно гэсэн хүлээлт байсан боловч тус намын бүлэг Улсын дээд шүүх намын даргыг нь бүртгэтэл хүлээхээр шийдвэрлэсэн юм. Энэ талаар АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "АН-ын даргын бүртгэлийн дараа бүлгийн даргын асуудал яригдах ёстой. Өөрөөр хэлбэл намын дарга бүртгэгдсэний дараа хэнээр, ямар дүрээр бүлгээ удирдуулах вэ гэдгээ өөрөө шийдэг л дээ. Бид өнөөдрийг хүртэл дандаа намын даргынхаа бүрэн эрх рүү халдаж ирсэн. Би энэ албыг хашиж байсан хүний хувьд намын дарга бүлгийн даргаа нэрлэх эрх мэдлийг өгөх ёстой. Тэр дэвшүүлсэн хүнийг нь бүлэг зөвшөөрөх үү гэдэг нь дараагийн асуудал" гэсэн юм. Улсын дээд шүүх өчигдөр АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэж баталгаажууллаа. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга тодрох хугацаа улам ойртов.
Л.Гантөмөр бүлгийн дарга болохоор О.Цогтгэрэлтэйгээ тохироо хийсэн гэсэн мэдээлэл гарсан. УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн дээрх байр суурь үүнийг улам баталгаажуулаад ч байх шиг. Тэгэхээр АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь бүлгийн даргын ажлаа Л.Гантөмөр өгөхөөр бүлэгтээ санал болгох бололтой. Харин энэ саналыг нь УИХ дахь намын бүлгийн гишүүд дэмжих эсэх нь дараагийн асуудал.
Л.Гантөмөрөөс гадна бүлгийн дарга болон хүсэлтэй гишүүд АН-ын бүлэгт нэг бус бий. УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан нар ажилладаг. Тэдний хэн нэгнийг нь бүлгийн даргаар сонгох ёстой гэж үзвэл олны дэмжлэгийг хамгийн их хүлээх нь Ч.Лодойсамбуу байх магадлалтай. Тэр бол өөрийн гэсэн харизмтай улстөрч. Мөн АН-ын даргад өрсөлдсөн УИХ-ын гишүүд болох Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж нарт ч бүлгийн дарга болох хүсэл байхыг үгүйсгэхгүй. Б.Пүрэвдорж гишүүн УИХ-ын дэд дарга хэдий ч бүлгийн дарга гэдэг бол бэлгэдэл төдий дэд даргаас илүү албан тушаал.
Сөрөг хүчний бүлгийн дарга гэдэг бол өсөж дэвжихийг, нам дотроо байр сууриа бататгахыг, иргэд, олон нийтэд илүү ихээр танигдахыг хүссэн улстөрчид бол хамгийн "амттай" албан тушаал. Бас өөрийн гэсэн харизмтай, асуудлыг шүмжлэх гэж шүүмжилдэг бус логик сэтгэлгээ сайтай байхыг шаарддаг. Хэрүүлч хүн байх ёстой гэсэн хошигнол ч бий. Точвхондоо бол асуудлыг маш оновчтойгоор тайлбарладаг, санаагаа сайн ойлгуулж чаддаг байх нь хамгийн наад захын шаардлага.
"Л.Гантөмөрийг бүлгийн даргаар сонгож 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрсөлдүүлнэ" гэсэн таамаглал ч бий. Ямартай ч сөрөг хүчний бүлгийн дарга гэдэг чухал албан тушаалд хэнийг сонгох вэ гэдэг нь анхаарал татаж байна. Бүлгийн даргын албан тушаал нь тухайн хүндээ хариуцлагаас илүү боломж олгодог албан тушаал. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн шаардлага хангасан хүнд бол сонгуулийн өмнө өөрийгөө олон нийтэд илүү таниулан сурталчлах боломж. Бас 2028 оны УИХ-ын сонгуулиар намын жагсаалтаар нэр дэвшигчдийн жагсаалтад дээгүүр бичигдэх албан тушаал. Удахгүй энэхүү албан тушаалыг хэн хаших нь тодорхой болох биз ээ.












