Манай аймагт нэг гоё кинотеатр байлаа. Түүнийг "Байдраг" гэдэг
Манай аймагт ганц гоё кинотеатр байлаа. Шинэ кино ирсэн тухай бүрт аймгийн төвөөр нэг яриа болж, хүүхэд хөгшидгүй тийшээ очно. Ер нь хамгийн хөлтэй газар бол суурингийн нэг захад байх, зүүн талаас нь Түйн гол хүртэл эзгүй зэлүүд газар үргэлжилдэг “Байдраг” кинотеатр байсан юм.
Түйн гол бол
Түрбэл үгүй л урсагч
Түйн голын л ус л
Түвдэл үгүй л санагдагч
Тэр алдрай л хөөрхий…гэж уртын дуунд гардаг,
Түйн голд нэг төлөг тавьсан юм сан
Төрөө болов уу яагаа бол гээд очсон чинь
Нүд нь бүлтийгээд
Чих нь дэлдийгээд үхчихжээ хэмээн оньсогод дурдагддаг тэр гол бөгөөд Байдраг ч мөн л голын нэр.
Байдрагийн гол “Монголын нууц товчоон”-д ч, “Судрын чуулган”-д ч дурдагддаг. Иран түүхчийн эшилсэн домгоор бол, Байдраг гэдэг нь бүсгүй хүний нэр юм билээ.
Шинэ кино ирсэн үед кинотеатрын үүдэнд ёстой нэг, жижигхэн дайн болно доо.
Намайг багад тэнд босоо тоосгон хана байсан юм. 1.5 метр орчим зайг буландаж барьсан тэр хана орох гарах хоёр үүдийг тусгаарладаг ухаантай.
Мөнөөх давчуухан зайд 70-аад оны баянхонгорчууд бараг тэр аяараа чихэлдэцгээдэг сэн. 80-аад оны сүүлчээр би Улаанбаатарын улаан автобусанд орох гэж тэмцэлдэж байхдаа “Байдраг” кинотеатрын үүдэнд шахалдахын хажууд юу ч биш юм гэж бодсон. Автобусны тийм дажинд нэг удаа түрийвчээ суйлуулж, зөвхөн зүүн гарт л таардаг гурвын гурван өрөөсөн бээлийтэй үлдсэн хойноо л өвөр халаасаа сайтар хянадаг болж билээ. Баянхонгорт бол халаас ухах санаа хэний ч толгойд орохгүй.
Зарим үед хагас цаг чихэлдэнэ. Тийн шахалдаж байх үед цээжин дотор хачин анхилуун, нялуун амттай шүлс хуралддаг сан. Яг хаалган дээр оччихоод наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчих удаа ч гарна (Хаалга нь гэж ердөө л 50-хан см хэрийн өргөнтэй, модон хаалга. Хаа очиж бөх эд байжээ). Орох гэхээр ард үлдэж байгаачуул чангаана. Буцах тухайд бол саналтгүй. Дөрвөн ам метр ч хүрэхгүй зайд аймгийн төвийн аль овсгоотой жаалууд бүгд наашаа шаагилдаж байхад чинь.
Оройн кинонд томчуул ч бас тэгж л шахалдана. Нэг удаа эмээ минь кино үзэх гэж оччихоод,
-Таминь ээ, би энэ киног чинь үзэхээ больё. Намайг буцаагаад гаргаад өгөөч! гэж хашгирсан гэдэг. Өөдөөс нь нэг хүн:
-Эмээ минь, нааш буцах гэхийнхээ оронд цааш зүтгэ. Тэр нь арай дээр гэж зөвлөжээ. Арайхийж орсон тэр киног нь Гоголийн “Вий” хэмээх буг чөтгөртэй зохиолоор хийсэн байж. Эмээ залбирчихсан буцаж ирж билээ.
Хаалгаар орсны дараа кассны ханцуйвч шиг нарийхан цонх руу дугаарлана. Гэхдээ энэ бол гадаахь чихэлдээнийг бодвол тайван, сэлүүхэн орчин л доо. Касс руу дугаарлах зуураа үүдний танхимын хананд өлгөсөн зургуудыг харж болно. Монгол кинонуудын хар цагаан зурагт хуудсыг хананы дунд биеэр хадсан байдаг сан. “Цогт тайж”, “Энэ хүүхнүүд үү”, “Тунгалаг Тамир”, “Анхны алхам” гээд л. Харин адраас арай доохнуур нэг буландаа “Sovexportfilm” гэсэн бичигтэй, Зөвлөлтийн жүжигчдийн том, өнгөт зургууд эгнэнэ. Куравлёв, Смоктуновский, Жигарханян... Штирлицийг чинь хэн гэдэг билээ? Тихонов! За, тэгээд Янковский, Гурченко, Миронов, Боярский… Бас зохиолч Шукшины хөрөг байсан санагдана. Хүүхдүүдийн сайн мэддэг Никулин харин байгаагүй юм даг.
Тэр үед бид нэг киног хоёроос доошгүй удаа үздэг байв. Нөгөө айхтар чихэлдээн чинь дөрөв хоногийн дараа байхгүй болчихно. Тэгээд кинотеатрын суудал ч сайн дүүрэхгүй. Тийм сэлүүн танхимд би “Зүүдэнд оромгүй явдал”-ыг гурав дахиа үзэж билээ. Манай ангид “Хэлмэгдсэн омог”-ийг арван нэг, “Баригдашгүй өшөө авагчид”-ыг найм үзсэн хүүхэд ч байсан юм.
Тийм жаалууд анх удаа үзэж байгаа хүүхдийг тайван суулгахгүй. “Одоо тэгнэ, одоо ингэнэ” гээд хажуугаас нь яриад өгчихдөг. Тэр бол байлдаантай киноны алтан үе л дээ. Нэг удаа кинон дээр гардаг офицер дайсны нуувчийг дурандахаас өрсөн, нэг тультраа жаал:
-Одоо дурмаагаа гаргаж ирээд дурмаадна гэж тайлбарлахад, хажуунаас нь дөнгөж хэлд орж байгаа шулга амьтан:
-Одоо дулмаагаа галгаж илээд дулмаадна гэж билээ.
Киноны хальс байсхийгээд л тасарна. Тэгэхэд хүүхдүүд шүгэлдэж, сандлаа нүдэцгээнэ. Суудал нь босдог, шар фанеран сандал байсан бөгөөд өндийгөөд л тачигнуулж гарна даа. Үүний улмаас бүх сандал зэрэг шахам салж унасан тул хожим 80-аад онд хүрэн ч бил үү, ногоон бүрээстэй сандлаар сольсон юм даг. Заримдаа дуу нь алга болчихно. Тэр үед “Дуу-уу!” гэж хашгирцгаана. Хальс нь зөрчихвөл “Каадр!”, дүрс нь бүдгэрч бүрэлзвэл “Поо-оокс!” гэж орилно. Энэ үгийг хэзээ ч юм бэ дээ, нэгэн ой сайтай жаал Өлзийтийн орос цэргүүдээс сурч цээжилсэн юм билээ.
1990 оныг хүртэл Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн нэг салаа Өлзийт суманд байсан юм. Орос цэргүүдийг аймгийн төвд авчирч нэгдсэн журмаар халуун усанд оруулж, нэгдсэн журмаар кино үзүүлдэг байв. Тэр үеийн ихэнх орос кино орчуулгагүй гардаг тул бид цэргүүдийг бараадан суугаад инээлдэхэд нь дагаж инээдэг байлаа. Би энэ кинотеатрт шүгэлдэж сурсан юм даг. Хоёр хуруугаа амандаа хийж байгаад л. Зарим хүүхэд яг шүглийн дуу шиг чанга, нарийхан жингэнүүлэн чарлаж чаддаг байсан сан.
Киномеханикчид тун ч нэр хүндтэй. Хүүхдүүд кинонд үнэгүй орчих санаатай,
-Сүхбаатар ах аа… Базарваань ах аа… гэж танимгайрна.
Нэг удаа араас нь ийн дуудсан жаалыг Сүхбаатар гуай маш ууртайгаар алгадчихаж билээ.
-Хүнийг гахай гэж доромжилно гэнэ ээ, чи?
-Үгүй, ах аа л гэсэн шүү дээ.
Сүхбаатар гуайн нүүр улайснаа,
-Алив, чи нааш ир гээд дагуулж оров. Азтай жаал ингээд л нэг төгрөг хэмнэх нь тэр.
Өвгөчүүл тэднээс хальсны том дугуй хайрцаг гуйна. Тийм хайрцгаа дүнсэн тамхиар дүүргээд авсан хүн бол дэргэдээ нэг “Үнэн” сонин тавьчихаад тун маадгар. Хүн хүн дайлж тамхилаад л. Сонины шар цаасанд хуруу хэр бүдүүн ороосон дүнсэн тамхи бол тухайн цаг үеийн бас нэгэн бэлгэ тэмдэг байжээ.
Бид ч кинотеатрын буланд нуугдаад сонины цаасанд ороосон тамхи тойруулан сордог сон. Одоо бодоход, “Mild Seven” янжуураас ч зөөлөн байсан санагддаг юм.
Хожим нь, оюутан байхдаа би киноны сургуулийнхнаас (ВГИК) тийм дугуй хайрцаг авч, ёроолд нь нүх гаргаж цоолоод буузны жигнүүр хийж байлаа. Тийм жигнүүрт хийсэн буузанд хоёр эрэгтэй хүн цаддаггүй юм. Тиймээс нэг охиноор бууз чимхүүлж, дараа нь хувааж идээд, дарс уувал чухам сайхан. Амьдралд юуг ч зохицуулж тохируулж болдгийг надад киноны хальсны тэр л дугуй цагаан төмөр хайрцаг ойлгуулсан гэж хэлж болмоор ч юм шиг.
Дугуй цагаан хайрцагтай холбоотой бас нэг сонин дурсамж бий.
Манай аймгийн дарга нар хүүхэд залуучуудыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрөөх зорилгоор нэгэнтээ усан сан байгуулсан юм. Голын сайрыг экскаваторын лужир шанагаар малтаж, 5-6 метр гүн, 50-60 метр урт дөрвөлжин нүх бэлдээд, тийшээ суваг татаж усаар дүүргэв. Доторлогоогүй усан сан булингартай, бохир цүнхээл байсан ч зуны цагт хүүхдүүд тэнд өнжиж, гүнзгий хэсэгт нь үсрэн орж жингүйдэцгээдэг сэн.
Нэг удаа би тэр усан санд хөл алдаад живж билээ. Хоёр гараа алдалж байгаад яг л шувуу шиг байдгаараа дэлтэл, ашгүй нэг юм, усан дээр гарч ирэв. Надаас арваад алхмын цаана хэдэн жаал зогсч байна. “Тэнд гүехэн байгаа юм байна” гэж баримжаалах зуураа нэг сайн амьсгаа авав уу, үгүй юу, буцаад л далд орчихлоо. Бидэн шиг урсгал голд шумбадаг жаалууд тогтоол усан санд газар хорооно гэж үгүй. Авсан амьсгалаа барагдах хүртэл таамгаар хэд самарлаа. Хоёр дахь дэлэлт минь дөнгөж толгойг минь цухуйлгаж дутуу амьсгаа авахуулаад л буцаагаад оруулчихав. Тэгэхэд усан санд цугласан хүүхдүүд бүгдээрээ над руу харцгаасан тул би нэрэлхсэндээ инээмсэглэчихээд л эргээд живлээ.
Хэд хоногийн өмнө нэг живсэн жаал:
-Авраарай! Үхлээ! гэж чарлаж амжсаныхаа ачаар сайн сэлдэг хүүхдүүдээр татуулж гарсан ч, дараа нь бөөн тоглоом шоглоомын бай болсон юм.
Найдлага тасарч байгааг мэдрэх үедээ би гэнэт нөгөө жаалуудын чигтэй киноны төмөр хайрцаг замган дундаас цухуйж буйг олж харав. Булингартай, ногоон усан дотор дугуй хайрцаг яаж ч харагдсан юм бэ? Би усан доогуур байдгаараа сарвалзах зуураа мөнөөх хайрцгийг ажиглаж, хэрвээ хайрцаг ойртож байвал дуугүй л самраад байя, хэрэв хайрцаг тэндээ л бүрэлзээд байвал би байрандаа л сарвалзсаар байна гэсэн үг тул эцсийн хүчээрээ дээш цухуйж орилъё гэж шийдлээ. Амьсгал бачимдаж, чих битүү оргиж байсан ч самраад л байв. Нэг мэдэхнээ киноны хайрцаг дээрх шороо миний гарын аясаар бужигнаж үзэгдэв. Хайрцгийг жаахан өнгөрөөд л миний ам өөрийн эрхгүй ангайх нь тэр. Нүдний өмнүүр миний амьсгал, шороо, замаг бургилна. Аргагүй өндийтөл нэг хөлд минь газар тэмтрэгдсэн юм. Би нүдээ аниад гуйвлан алхахдаа их удаан хахаж цацан ханиалгаж билээ. Тэр үед хойшид насан туршаа ийн зогсоо зайгүй ханиалгах юм шиг санагдаж байв.
Ер нь Түйн голд би хоёр удаа живсэн юм байна шүү.
Нэг өвөл хоккей тоглож байтал мөс цөмөрч, ангал шиг нүх рүү яваад орчихлоо. Хүйтэн ус хацар хайрч, би хөлдөө тэшүүртэй, гартаа цохиуртай, мөсөн доогуур удаан урсав. Би түрүүлгээ харж ойчсон бөгөөд өндийх гэж хэд хэд оролдсон, нуруунд минь цэв цэнхэр мөсөн хана мэдрэгдэж, намайг дараад ер босгохгүй байлаа. Нарны гэрэл мөсийг нэвт тусч, голын чулууд нүд шүргэн гялтганана. Гэхдээ энэ бүхнийг би ердөө л нүдээ аниад төсөөлсөн ч байж магадгүй. Хүйтэн усан дотор харах юм бол нүд тэсвэрлэшгүй өвдөх биз.
Арван хоёртой байсан юм уу даа. Үхлийн тухай өчүүхэн төдий л ойлголт надад байсан сан бол, би тэгэхэд үхчих байв. Харин миний санаанд үхлийн сэжүүр ч багтаагүй юм. Айсан загаснууд нисэх мэт үргэлдэж, нэг загас бүр хамрыг минь шүргэн гарахад надад яг кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрж, голын чулуудын наана “Байдраг” кинотеатрын даавуун дэлгэцний нэг булан дахь гурвалжин нөхөөс үзэгдэж, хүүхдүүд хашгиралдах сонстсон сон. Хүүхдүүд үнэхээр хашгиралджээ. Би мөсний нэг өрх рүү унаад доор байсан өөр нэг өрхөөр гарч ирсэн юм билээ. Хоёр өрхний хоорондхи зай барагцаалбал хориод метр байв. Урсгал усанд хорин метр гэдэг сүйдтэй урт зай биш л дээ. Гэхдээ хөлдсөн гол мөсөн доороо их удаан урсдаг юм шиг надад санагдсан.
Даарч чичрэн босохдоо би голын чулуунд тэшүүрийнхээ ирийг барчихлаа гэж харамсч байж билээ.
-Ямар байсан бэ? гэж найзуудын маань нэг асуухад,
-Яг л кино шиг гэж хариулснаа санаж байна.
Саяхан нутагтаа очиж, нэгэн цагт бидний баяр баясгалангийн төв байсан “Байдраг” кинотеатрын гундуухан байшинг харахад “Парадизо кинотеатр” хэмээх итали кино санаанд буув. Амьдрал гээч хаа ч адилхан юм санж. Аймгийн төв анх байгуулагдахад л энэ байшин баригдсан гэдэг юм. Хятад ажилчид чулуугаар барьжээ. Тийм болохоор зуны халуунд дотроо худаг шиг л хүйтэн. Гэхдээ л цул чулуугаар бүтсэн байшин гэдэг ямар нэгэн онцгой чанартай, ямар нэгэн итали шинжтэй харагдана биз дээ? Нэгэнт үүдээ барьсан, ашиглагдахаа ч больсон бололтой мөнөөх байшингийн нэгэн хананд татсан, аль буландаа ч билээ нөхөөстэй, том цагаан даавуун дээр “Потёмкин”-ы усан цэргүүд гүйлдэж, сэрүүхэн танхимд нь одоо хэр миний дуртай “Александра” эгшиглэж байсан сан. Энэ байшин дотор Челентано усан үзмэн дээр хөл нүцгэн бүжиглэж (1970-аад оноос “Мосфильм” италичуудтай гайгүй харилцаа тогтоосон нь явж явж “Байдраг” кинотеатрын маань дэлгэцийг ийнхүү чимсэн хэрэг), эндээс л энэрэлгүй зэрлэг романс тээсэн цыганы хөсөг тэрэг тэнгэрийн зүг үүрд одсон сон.
Бас намайг арван зургаа хүрчихсэн хойно, тэр нэгэн зун, миний үзсэн кинонд огт хамаагүй тэс хөндлөнгийн хүн гэнэтхэн орж ирээд, өөдөөс цоргитол ширтэж байгаад:
-Энд чиний амьдралын олон өдөр өнгөрөх болно. Тэнд чи анх удаа дурлах болно! гэж хэлээд цэмцгэр модот гудамжийг алга дэлгэн заав. Яагаад ч юм бэ, надад хэлэх шиг санагдсан тул би дотроо “Анх удаа гэнэ ээ? Би аль эрт дурладгаа дурлачихсан” гэж дэлгэцтэй маргалаа. Гараад би найз охиноосоо киноны яг тэр хэсэгт гол баатрын хажуунаас гарч ирсэн ойлгомжгүй дүр чухам юу хэлснийг асуусан юм. Охин тийм зүйл ерөөсөө анзаараагүйдээ хачирхаж билээ. Хожим нь Москвад оюутан болж очоод л тэр модот гудамж Тверийн бульвар байсныг мэдсэн сэн.
Багын найзуудын шүгэлдэх дуу сэтгэлд сонстоно. Шүгэлдмээр байна.
Ай, 70-аад он! 80-аад он! Орос голдуу кинон дунд өнгөрсөн бага нас минь!
Кинотеатрууд эгээ л хүмүүсийн адил, орчлон дээрх бусад бүхий л зүйлийн адил өөрийн хувь заяа, өөрийн зэрэг зиндаатай. “Байдраг” кинотеатр маань “Иргэн Кэйн” шиг, “Загалмайлсан эцэг” шиг суут бүтээлүүдийн хальсыг дэлгэцэн дээрээ хэзээ ч тусгаж үзээгүй. “Америкт нэг удаа” шиг киногоор ч өөрийгөө мялааж чадалгүй, киноурлаг хэмээх ертөнцийн магадгүй хамгийн чухал хэсэгтэй нь нүүр учралгүй амьсгал хураажээ. Гэлээ ч энэ хаягдмал байшин бидэндээ л “Парадизо” – ДИВААЖИН байсан даа.
2004.11.10.
Гэрэл зураг: www.facebook.com
Үйл явдлын өрнөл: ДурсамжБаянхонгор аймагБайдраг кинотеатр












