Хот дагуулсан хоёр дахь орд ОЮУТ

Монгол геологчид ойролцоогоор 1.1 сая гаруй тонн цэвэр зэсийн нөөцтэй, багадаа 30 жил ашиглах боломжтой шинэ орд газрын нөөцийн урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Эдийн засгийн хөгжил, технологийн дэвшлийн гол түүхий эдээр нэрлэгддэг зэсийн эрэлт жил ирэх тусам нэмэгдсээр байна. Дэлхийн хүн ам өсөж, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх хэрээр эл түүхий эдийн эрэлт нийлүүлэлтээ давж, үнэ нь гаарна гэдгийг олон улсын шинжээчид онцолдог. Асар их мөнгө эргэлдэж буй тус зах зээл дээрх гол тоглогч нь Монгол Улс байх боломжтой. Үүнийг ч төрийн түвшинд зорьж буй. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн менежментийг оновчтой залуурдаж, стратегийн орд газруудаас олборлож буй баялгийн өгөөжийг иргэдэд шударга хүртээх тал дээр анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн. Улмаар газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлж, стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох чиглэлд анхааран ажиллаж буй. Эл бодлогынхоо хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд Орхон аймагт ажиллаж, 0.32 хувийн зэсийн агуулгатай, 357.0 сая тонн хүдрийн нөөцтэй “Оюут” хэмээх шинэ ордыг шинээр нээж буйг зарлалаа. Улмаар ТЭЗҮ-ийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг даалгаврыг газар дээр нь ирж өгсөн юм. Ийнхүү хот дагасан хоёр дахь орд бий болсноор Үндэсний баялгийн сан арвижиж, өгөөжийг нь монгол хүн нэг бүр хүртэнэ.
1970-аад онд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутагт Эрдэнэт-Овоо ордоос зүүн урд зүгт 10 гаруй километрийн зайд “Оюут” зэсийн ордыг илрүүлжээ. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн геологичид 49 метр куб тууш талбайд сүүлийн гурван жил өрөмдлөг хийж, хайгуулын ажлыг гүйцэтгэсэн байна. Ийнхүү монгол геологчид ойролцоогоор 1.1 сая гаруй тонн цэвэр зэсийн нөөцтэй, багадаа 30 жил ашиглах боломжтой шинэ орд газрын нөөцийн урьдчилсан байдлаар тогтоосон байна. Цаашид ордыг ашиглах зураг төсөл болон бүтээн байгуулалтад тус үйлдвэрийн шилдэг инженерүүд ажиллах аж.
Дараагийн онцлох өнцөг нь, тус ордод түшиглэн Зэс хайлуулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд мэдээлэв. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”, “Оюут” ордод түшиглэн, жилд 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах тендерийг ойрын хугацаанд зарлах аж. Ингэснээр бүтээгдэхүүнийг нэмэлтээр үйлдвэрлэж, өнөөгийн хүрсэн түвшнийг бууруулалгүйгээр хадгалах нөхцөл бүрдэх юм.
Зэс хайлуулах үйлдвэр нь Монгол Улсын эдийн засагт үнэмлэхүй өгөөж өгнө. Хайлуулах үйлдвэртэй болсноор Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний орлого 2-3 дахин нэмэгдэх урьдчилсан тооцоолол бий.
Гэрэл зураг: eagle.mn
Зохиогч: eagle.mn
Үйл явдлын өрнөл: Монголияместорождениедобыча полезных ископаемых












