ЗХУ-ын Дотоод хэргийн яамны ажилтнуудын Монгол дахь оршуулгын газрыг тохижуулна
Тэдгээр ажилтан 1950-1953 онд Монголын нутгаар дайран өнгөрөх төмөр замын барилгын ажилд оролцож байсан болохыг Улаанбаатар дахь ОХУ–ын элчин сайдын яамнаас мэдээлэв.
Монгол дахь Оросын элчин сайдын яамны ажилтнууд Дорноговь аймгийн Сайншанд хотод байдаг, 1950-1953 онд Монголын нутгаар дайран өнгөрөх төмөр замын барилгын ажилд оролцож байсан ЗХУ-ын Дотоод хэргийн яамны анги нэгжүүдийн ажилтнуудын бүртгэлгүй оршуулгын газартай очиж танилцсан байна. Тэд шаардлагатай хэмжилтүүд хийж, гэрэл зураг авч, оршуулгын газарт холбогдох өөр бусад мэдээллийг цуглуулж ажиллажээ. Мэдээллүүдийг Оросын Батлан хамгаалах яамны цэргийн-дурсгалын ажлуудыг эрхлэх, зохион байгуулах БНХАУ дахь төлөөлөгчийн газарт хүлээлгэж өгсөн бөгөөд тус газар дайчин нөхөрлөлийн оршуулгын газрын паспортыг бэлэн болгох юм.
Элчин Сайдын яам мөн ойрын жилүүдэд тус оршуулгын газрыг тохижуулах, хашаажуулах ажлыг явуулахаар төлөвлөжээ. Одоогоор хашаагүй байгаагаас орон нутгийн иргэд зам товчлох үүднээс оршуулгын газрын дундуур автомашинтай зорчих байдал олонтаа тохиолддог байна.
Үүний зэрэгцээ булшнууд арчилгаа тордолгоо сайтай нь илт харагдаж байв. Энэ тухайд Леший гэж өөрийгөө нэрлэдэг, Красноярск хотын сайхан сэтгэлтэй видеоблогчинд онцгой талархах учиртай юм. Интернэт дэх мэдээллээр, тэрээр хэдэн жилийн өмнө тус оршуулгын газрын явган хашааг будаж янзлах зэргээр ганцаараа эмхэлж тордон, цаашид илүү сэвтэж эвдэгдэхээс хамгаалж чаджээ.
Гэрэл зураг: Russian_Embassy_Mongolia
Зохиогч: Russian_Embassy_Mongolia