Цайны их замын орнууд нийтлэг нэг брэндээр холбогдоно. ВИДЕО
Буриадад болсон аялал жуулчлалын удирдагчдын уулзалтаар Орос, Хятад, Монгол гурван улс дэлхийн түвшинд ахиулахыг зорьж буй “Цайны их зам” дагуух аялал жуулчлалд зориулсан дундын нэг брэнд бий болгохоор шийдвэрлэлээ.
Орос, Хятад, Монгол улсуудын аялал жуулчлалын удирдагчдын Наймдугаар зөвлөгөөн Улаан-Үд хотод болж, гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Уулзалтын төгсгөлд талуудын төлөөлөгчид хамтын ажиллагааны протокол байгуулав. Үүнд:
- “Цайны их зам”-ын дагуух аялагч жуулчдад визийн горимыг хялбаршуулах;
- Аялал жуулчлалын дагалдах дэд бүтэц, зочид буудлууд байгуулах;
- Одоо байгаа түүх соёлын дурсгалуудыг сэргээн засварлах;
- Нэгдсэн нэг брэндийн лавлах толь, газрын зураг, мэдээллийн самбар сэлт бусад зүйлсийг бий болгох зэргийг тусгажээ.
«Уулзалт хэлэлцүүлэг уламжлал ёсоор найрсаг бөгөөд ажил хэрэгч уур амьсгалдд болж өнгөрлөө. Асуудлуудыг сайтар тодорхой хэлэлцэв. “Цайны их зам” дагуух хил дамнасан аялал жуулчлал гол сэдэв байлаа. Жилийн өмнө Хятадад болсон мөн ийм зөвлөгөөнөөс арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өнөөдөр бид аялал жуулчлалын маршрутын үндэс болсон дундын брэнд, нэгдсэн стандарт, тодорхой газар зүй, тухайлсан байгууламжуудын талаар хэлэлцэж байна. Улмаар ирэх оноос эдгээр санааг хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна», — гэж Дмитрий Вахруков сэтгэгдлээ хуваалцав.
Буриад улс, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Пермийн хязгаар, Свердловск муж, Тюмень муж зэрэг “Цайны зам”-аар холбогдсон оросын бүс нутгууд өмнө нь бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан юм.
«Бидний хамтын ажиллагааны дүнд хэдэн зууны тэртээгээс Монгол, Орос, Хятад улсуудыг холбож ирсэн аялал жуулчлалын урсгал дахин шинээр сэргэнэ гэж найдаж байна. Бидний хамтын хүчин чармайлтын үрээр Цайны замын дагуу шинэ сонин зүйлсийг үзэж, түүхэн баримтуудтай танилцаж, улс болгоны онцлогийг таньж мэдэх гэсэн хүмүүс зорчих болж байна. Манайд гэхэд, Байгаль нуурыг үзэж, сэтгэлдээ тээж явах олон тод дурсамжийг бүтээх болно. Энэхүү зөвлөгөөнд оролцогчид аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ төслүүд хэрэгжүүлэх шууд харилцаа өрнүүлнэ гэж итгэлтэй байна», — гэж Буриадын тэргүүн Алексей Цыденов ярив. Мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх сонирхлоо бүх тал илэрхийлж байлаа. Монгол-Буриадын ажлын хэсэг байгууллаа. «Ойрын үед буриадын аялал жуулчлалын агентлагууд Монголд танилцуулгаа хийх бол, Буриадын иргэд монголын ижил салбарын бүтээгдэхүүнүүдтэй танилцана», — гэж Монгол улсын аялал жуулчлал, залуучуудын яамны төрийн нарийн бичгийн дарга А. Даваажаргал ярив.
Тэрээр Буриад, Монгол хоёр улсын байгаль цаг уур зэрэг ижил төстэй байдлуудыг онцолж, монголчуудын Буриадыг зорих сонирхол буурахгүй, ялангуяа шашин мөргөлийн аяллууд үргэлжилсээр байгааг цохон хэлж байлаа.
– Итгэл Хамбад мөргөж, хүрээ хийд орох гэж Буриадад ирээгүй хүн Монголд бараг үлдээгүй байх, - гэж төрийн нарийн бичгийн дарга хэлж байв.
Энд дурьдахад, Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг 2028 он хүртэл сунгасан юм. Замын-Үүд - Алтанбулаг авто замын дагуу аялагч жуулчдад зориулсан ая тухтай амралтын бүсүүд байгуулахаар төлөвлөж байна. Орос-Монголын хил дээрх буриадын Хиагт боомт байнгын ажиллагаанд шилжсэн бол, Орос-Монголын хоорондох Монд-Ханхын боомт шинэчлэл хийгдсэний дүнд олон талт үйл ажиллагаатай болж, Буриадын Түнхэний аймгийн нутгаар хоёр орны иргэд төдийгүй, гуравдагч орны иргэд зорчих боломж нээгдэнэ. Ингэснээр Улаан-Үд - Хөвсгөл нуур -Эрхүү чиглэлд аялал жуулчлал хөгжих юм.
Цайны их замыг хөгжүүлэх Сангийн гүйцэтгэх захирал Ц. Шурэнчимэгийн үзэж байгаагаар, гурван улсын хүчин чармайлтыг нэгтгэсний дүнд, тэр тусмаа өнөө цагт нэгдмэл түүх улам бүр их сонирхол татах болсон үед бизнесийнхэнд урт хугацаатай төлөвлөгөө боловсруулах боломж бүрдэх аж.
Хятадын ихэнх жуулчдын Цайны их замын дагуух түүхт газруудыг үзэх сонирхол асар их байдаг гэдгийг хятадын тал мөн тэмдэглэж байв. Байгаль нуур, Хөвсгөл нуур, Дунтинху нуур гэсэн “Гурван нуур”-ын аялал жуулчлалын маршрут Цайны их замын хөгжилд улам түлхэц үзүүлэх нэмэлт хүчин зүйл болно гэж хятадын тал үзэж байна.
«Буриадаар дамжсан цайны их замыг хөгжүүлэхэд буриадын соёл, хүн зон, ахуй аж амьдрал нь аялал жуулчлалын онцлог дүр төрх бүрдүүлж байгааг», — Хятадын соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Жэн тэмдэглэж байв.
Хятадын тал Улаан-Үд Бээжингийн хооронд агаарын шууд харилцаа нээх тухайд нааштай хандаж, хятадын аль нэг нисэх компани нислэг үйлдэх байх гэдэг байр суурийг илэрхийлжээ.
Гурван талт дараагийн уулзалт хэлэлцээ 2025 онд Монгол улсад болно. Түүнээс наана талууд 21 дүгээр зуунд ч холбогч гүүр болсон хэвээр байгаа Цайны их замын дагуух аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдмэл нэг брэндийг боловсруулах ёстой байна. Буриад улс энэ замд өөрийн байр суурийг эзлэх ёстой, — гэж тус бүс нутгийн аялал жуулчлалын сайд Алдар Доржиев үзэж байна.
«Төв Азийн орнуудтай харилцах дипломатын, худалдааны бүх зам Буриадаар дамжиж ирсэн. Өнөөдөр ч гэсэн Орос улсын Хятад болон Монголтой өрнүүлэх харилцаанд Буриад улс өөрийн орон зайг олоосой гэж бид хүсэж байна. Энэ удаагийн олон улсын уулзалт арга хэмжээ Улаан-Үд хотод болсоноор аялал жуулчлалын бизнес болон төрийн байгууллагууд хооронд олон янзын асуудлаар, түүний дотор аялал жуулчлалын чиглэлд цаашдын харилцаа хөгжих зайлшгүй үндэс суурь болно гэж итгэж байна», – гэж буриадын сайд итгэж байна.
Энэ чиглэл дэх бас нэг алхам нь Цайны их замын дагуух соёлын өвүүдийг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулах, мөн сэргээн засварлах боломжтой холбоотой. Тухайлбал, Хиагтын тухайд, «Хиагт нь Орос, цаашлаад Европ руу гарах үүд хаалга байсан гэдгийг бид мэднэ», — гэж Доржиев сануулав.