Тээвэр ложистикийг сайжруулах, хэлмэрч-хөтчүүдийн тоог нэмэгдүүлэх нь: Буриадад Орос, Хятад, Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хэлэлцэж байна
10 дугаар сарын 29-нд Улаан-Үд хотноо Орос, Хятад, Монголын аялал жуулчлалын газруудын 8 дугаар зөвлөгөөн ажлаа эхлэв.
Энэ хүрээнд гурван улсын салбарын төлөөлөгчдийн бизнес уулзалт болов. Энд оролцогчид тус бүрийн хамгийн алдартай аялал жуулчлалын чиглэлүүдийг танилцуулж, хил дамнасан жуулчлал хөгжүүлэхэд тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцжээ.
Бизнес уулзалтыг нээж үг хэлсэн Алексей Цыденов “Цайны их зам бол манай орнуудыг олон зууны тэртээгээс холбож ирсэн зам юм. Өнөөдөр дахин шинээр сэргэж байна. Бидний хамтын хүч чармайлтын дүнд Цайны их замын дагуу шинэ сонин зүйлсийг үзэж, түүхэн баримтуудтай танилцаж, улс болгоны онцлогийг таньж мэдэх гэсэн хүмүүс зорчих болж байна. Манайд гэхэд Байгаль нуурыг үзэж, сэтгэлдээ тээж явах олон тод дурсамжийг бүтээх юм. Энэхүү зөвлөгөөнд оролцогчид аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ төслүүд хэрэгжүүлэх шууд харилцаа өрнүүлнэ гэж итгэлтэй байна”, – гэж ярив.
Улс орнууд дахь аялал жуулчлалын хөгжлийн гол чиг хандлагуудыг мөн танилцуулав. Тухайлбал, Монголд «Go Mongolia» засгийн газрын хөтөлбөрийг сунгаж, энэ хүрээнд Орос болон Хятадын жуулчдад зориулсан томоохон үйл ажиллагаад төлөвлөжээ.
- Монгол орноор аялж байгаа жуулчдад дамжин буудаллах газруудын асуудал тулгамддаг. Тиймээс Монгол улсын засгийн газраас аялал жуулчлалын маршрут дагуу буудаллах 55 цэг байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад энэ чиглэлээр хөнгөлөлттэй нөхцөлүүд санал болгож байна. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээний нэг хувийг буцаан олгох шийдвэр гаргасан, - гэж Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төрийн нарийн бичгийн дарга Даваажаргал ярив.
Хятадын талаас, харилцан аялал жуулчлалыг хамтын хүчин чармайлтаар нэмэгдүүлж чадна гэж итгэлтэй байгаагаа илэрхийлж байв.
- Монгол орноор дамжин Буриад руу жуулчдын их урсгал орно гэж би итгэж байна. Буриад соёл, үндэсний хоол, байгаль энэ бүгд нэг маягийн брэндийн цөм болж, аялал жуулчлалын ийм маршрут бий болгох утга учрыг бүрдүүлж байна. Тиймээс хамтдаа дэмжиж, аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулцгаая, - гэж БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Жэн хэлэв.
Оросын талаас тус бизнес хэлэлцээнд Оросын долоон бүс нутгийн төлөөлөгчид оролцлоо. Буриад улс, Эрхүү, Новосибирск, Свердловск, Тюмень мужууд, Красноярын хязгаар, Пермийн хязгаар болон Москва хот өөр өөрсдийн маршрутыг танилцуулав.
Буриад улс эртнээс нааш Төв Ази руу гарах Оросын үүд хаалга байсан бөгөөд оросын бүх нэр цуутай эрдэмтэн судлаачид Буриадаас аяллаа эхлүүлсэн байдаг гэж Буриадын аялал жуулчлалын сайд Алдар Доржиев ярив. Тэрээр мөн бүс нутагт нь аялал жуулчлалын салбарын өнөөгийн хөгжлийн талаар ярьж, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон Байгаль нуурын эрэгт 4-5 одтой глэмпингүүд баригдаж, Улаан-Үд хотод сүүлийн үеийн шинэ «Байкал» нисэх буудал удахгүй нээгдэхийг мэдээлжээ.
Бизнес уулзалт хэлэлцээний үеэр мөн одоо тулгамдаж байгаа асуудлууд, түүний дотор аялал жуулчлалын тээврийн хангамжийн асуудалд ихээхэн анхаарал хандуулав. Аялал жуулчлалын байгууллагуудын төлөөлөгчид гурван улсын хотууд хооронд шууд агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх, мөн төмөр замын тээврийг сэргээх хүсэлтэй байгаагаа хэлж байв.
- Улаан-Үд хотын статусын хувьд Хятад, Монголоос гуравдагч орнууд руу зорчих болон эсрэг чиглэлийн маршрутууд бий болгоход ашигтай байж болох юм. Ингэснээр Байгаль нуурыг сонирхох гадаадынхан болоод Хятад, Монгол улсууд болон гуравдагч орнууд руу аялах хүсэлтэй оросууд гэх мэт янз бүрийн төрлийн зорчигчдын хэрэгцээг хангаж болох юм, - гэж «Сибирь-тур» ХХН-ийн захирал Дарима Тугутова тэмдэглэн хэлжээ.
Эрхүү мужийн аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид цар тахлаас өмнө тээвэрлэлт хангалттай хэмжээнд хийгддэг байсан төмөр замын харилцааг сэргээх шаардлагатайг мэдэгдэв. Москва-Бээжин, Москва-Бээжин, -Улаанбаатар зэрэг олон улсын галт тэргүүд дамжин өнгөрөх жуулчдыг бүс нутагт нь саатаж, дараа Монгол эсвэл Хятад руу аяллаа үргэлжлүүлэх боломжийг олгодог байсан гэж тэрээр ярьжээ.
Зөвлөгөөнөөр мөн хэлмэрч-хөтчүүдийг бүртгэлжүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудал яригдлаа. Аялал жуулчлалын зах зээлд оролцогчид тэдний тоог хангалтгүй байгааг хэлж байв. Тухайлбал, Буриадад бүртгэлтэй 70 хөтөч байгаагийн нэг нь монгол хэлтэй, 3 нь хятад хэлтэй байна. Хөрш Эрхүү мужид мөн 4 л хөтөч-хэлмэрч байдаг байна.
Бизнес яриа хэлэлцээний явцад хэлцэгдсэн бүх асуудлыг Орос, Хятад, Монгол гурван улсын аялал жуулчлалын төв байгууллагуудын төлөөлөгчид гарын үсэг зурж батлах Зөвлөгөөний дүнгийн протоколд тусгагдах юм.
Гэрэл зураг: egov-buryatia.ru
Үйл явдлын өрнөл: БурятияМонголияРоссияКитайКНРлогистикамеждународное сотрудничество