Монгол улс, ОХУ-ын Буриад улс “Цайны их зам”-ын дагуу аялал жуулчлал хөгжүүлэх ажлын хэсэг байгуулахаар тохиров
Буриадын тэргүүн Алексей Цыденов, Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төрийн нарийн бичгийн дарга Адьяасүрэнгийн Даваажаргал нар аялал жуулчлал хамтран хөгжүүлэх шинэ алхмуудыг тохирчээ.
Уулзалт Орос, Хятад, Монгол гурван улсын аялал жуулчлалын байгууллагуудын удирдагчдын зөвлөгөөний хүрээнд болсон байна.
“Гурван улсын удирдагчид Ташкентад уулзаж, “Цайны их зам” асуудлыг анх хөндсөн билээ. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, басхүү хариуцлагыг өөртөө хүлээн ажлын хэсгийг тэргүүлж ажиллах саналтай байна. Энэ ажилд анхаарал хандуулж, Буриадаас төлөөлөгч томилохыг хүсье. Цайны их зам”-ын дагуу аялал жуулчлал хөгжүүлэх төсөл эхэлсэнээр бусад чиглэл дэх хамтарсан ажлууд явагдана”, - гэж А.Даваажаргал мэдэгджээ.
“Цайны их зам”-ын дагуу аялал жуулчлалын маршрут төлөвлөх ажил бараг дуусаж байгааг төрийн нарийн бичгийн дарга мөн энэ үеэр дурьдсан байна. Энэ хүрээнд «Замын-Үүд-Алтанбулаг» чиглэл дэх 1200 км замын дагуу жуулчдад зориулсан ая тухтай бүсүүд байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Буриадын тэргүүн саналыг дэмжиж, ажлын хэсэгт Буриадын засгийн газрын дэд дарга Альхеев Иван Александрович орж ажиллахыг мэдэгджээ.
Алексей Цыденов мөн энэ үеэр, Монгол, Буриадын хооронд аялал жуулчлал хөгжиж, 2024 оны эхний хагаст Монголоос Буриад руу өмнөх оны мөн үеийнхээс 40 гаруй хувиар олон хүн зорчсоныг тэмдэглэн хэлжээ. Монголын статистик мэдээгээр, Оросоос хөрш зэргэлдээ улс руу 200 мянга гаруй хүн зорчсон бөгөөд тэдний 80 хувь нь Улаан-Үд, Хиагтын боомтоор зорчсон байна.
- Өнөөдөр Оросын тээврийн яам түр буудаллах онгоцны зорчигчдыг тээвэрлэх асуудлыг шийдвэрлэсэн. Агаарын харилцаа хөгжсөнөөр аялагч зорчигчдын урсгал нэмэгдэнэ гэж Алексей Цыденов мэдэгдээд, агаарын дамжин өнгөрөх тээврийн харилцааг хөгжүүлэхийг санал болгов. А.Даваажаргал мөн дамжин өнгөрөх нислэгийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй бөгөөд Монгол улсын засгийн газар асуудлыг судална гэж мэдэгджээ.
Талууд хоёр улсын хилийн боомтуудын ажиллагааны талаар мөн хэлэлцэв. Орос-Монголын хилийн Буриадын Хиагтын шалган нэвтрүүлэх боомт 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд хоёр талын Монд-Ханхын шалган нэвтрүүлэх боомтыг Орос, Монголын хэлэлцээрийн дагуу шинэчилсний дараа үйл ажиллагааг нь олон талт хэлбэрт шилжүүлэх бөгөөд Монголтой хил залгаа Буриадын Түнхэн аймгаар Орос, Монголын иргэд төдийгүй гуравдагч орны иргэд хилээр нэвтрэх боломжтой болох юм. Ингэснээр Улаан-Үд-Хөвсгөл нуур-Эрхүү чиглэлд аялал жуулчлал хөгжих юм.
Гэрэл зураг: egov-buryatia.ru
Үйл явдлын өрнөл: БурятияРоссияМонголияКНРКитайтуризмВеликий чайный путь